
Урт нэртэй гэгдэх хууль хэрэгжихгүй хоёр жил болж байгаа нь өмнөх болон одоогийн Засгийн газрын ажлын хариуцлага сул байгаатай холбоотой гэдгийг Дээд шүүхээс тогтоосон. “Гол мөрний ай сав, усан сан бүхий газарт ашигт малтмал олборлохыг хориглох тухай” хуулийг Ашигт малтмалын газар хэрэгжүүлэх учиртай. Гол мөрний ай сав, усан сан бүхий газарт ашигт малтмал олборлож хайх тухай хууль хэрэгжихгүй цагаан цаасан дээр хараар бичигдэн маргаан дагуулсаар хоёр жил боллоо. Энэхүү хуулийг хэрэгжүүлж чадахгүй уул уурхайн компаниудын өмнө Засгийн газар үндсэндээ сульдаж байна гэхэд болно. Ашигт малтмалын газраас гурван сарын хугацаатайгаар уул уурхайн компаниудад нөхөн олговрынхоо хэмжээг тусгаж өгөхийг шаардсан байна.
Гэвч 200 гаруй компаниас өнөөдрийн байдлаар дөнгөж 20 компани л нөхөн олговрын хэмжээг тайлагнажээ. Уул уурхайн компаниудын зүгээс долоон их наяд төгрөг өгвөл үйл ажиллагааныхаа эрхийг цуцлуулахад гомдолгүй гэх мэдээллийг өгч байгаа юм. Харин Засгийн газраас урьдчилсан байдлаар тооцож үзээд таван их наяд төгрөг шаардлагатай гэж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас их наядаар тоологдож байгаа энэ мөнгийг нь гаргаад өгчих юм бол уул уурхайн компаниуд байгаль газар нутгаас гараа татаж, урт нэртэй хууль хэрэгжих боложмтой болж байгаа юм. Гэвч хэн нэгний буруу шийдвэр гаргаж олгосон лиценз, тусгай зөвшөөрлийг цуцлахын тулд улсын төсөвт хөрөнгө мөнгө тусгах тухай хэрэгжүүлэгч байгууллага хэлж байна. Тэгэхээр Ашигт малтмалын газраас өгч байгаа мэдээллээр бол татвар төлөгчдийн мөнгөнөөс компаниудын нэхээд байгаа 5-7 их наяд төгрөгийг гаргаад өгчих бүрэн боломжтой юм байх. Татвар төлөгчдийн мөнгийг ийнхүү мөнгө, ашгаараа тэргүүлж буй компаниуд авч байх зуур иргэдийн амьдрал, амьжиргаа өдөр бүр дордсоор байгаа юм. Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ