Нигэл: Би өөрийгөө яг л Терминатор болчихсон мэт төсөөлж байна
Золгүй явдал болоод, өвчний улмаас гараа тайруулсан хүмүүс гартай мэт амьдрах боломж нээгдэж байна. Энэхүү хиймэл гарыг Британийн эрдэмтэд зохион бүтээсэн бөгөөд булчингийн мэдрэмж бүхий олон үйлдэлт программ ашиглан бүтээжээ.
Энэхүү хиймэл гар өндөг хагалах, юм өргөх, барих чадвартайгаас гадна хуруу бүр нь тус тусдаа хөдлөх чадвартай. Ингэснээр ойр зуурын бүх л зүйлийг хийх боломжтой болж байгаа юм. Нигэл Акланд хэмээх Британи эр энэ хиймэл гарыг суулгуулжээ. Тэрээр ослын улмаас зургаан жилийн өмнө гараа тайруулж байсан аж. Одоо 53 настай Нигэл Лондон хотод амьдардаг бөгөөд шинэ гарандаа сэтгэл хангалуун байна. Өмнө нь тэрээр электрон бус хиймэл гар зүүдэг байжээ. Гараа тайруулснаасаа хойш бүх л зүйлийн хэн нэгний тусламжтай хийдэг байсан бол одоо харин Нигэлд бусдын туслалцаа тэр бүр хэрэг болохоо байсан байна. Учир нь тэрээр хоолоо хийж, хүссэн бүхнээ барьж, ойр зуурын зүйлээ зөөж чаддаг болсон байна. Тэрээр “Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би өөрийгөө яг л Терминатор болчихсон мэт төсөөлж байна” гэжээ.
Хиймэл гарыг 40 мянган ам.долларын үнэтэй худалдаалж байгаа юм. Уг хиймэл гарыг хүний арьсны өнгөтэй адил өнгөөр хийчхвэл яг л жинхэнэ гар шиг харагдах юм байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ