
.. АЛДАРТ АХМАД ҮНЭН ХЭРЭГ ДЭЭРЭЭ ЯГ ХЭН БАЙВ АА?..
Сайн ном дотор бүх юм сайхан байх ёстой. Зохиолын сэдэв, дүрүүд, хэв маяг, тавилт. Яг үнэндээ бол аливаа зохиолыг яруу тод, үнэн бодит гол баатар л амилуулдаг билээ. Ийм баатрын тухай уншаад хүмүүс “Яг амьд юм шиг байна” гэлцдэг. Бодит хүмүүсийг өгүүлсэн уран зохиолын баатрууд тэр тусмаа бодит юм шиг байх нь гарцаагүй. Шинжлэх ухаан-уран зөгнөлт зохиолын төрлийг үндэслэгч Жюль Верн энэ аргыг гайхалтай хэрэглэсэн нь бий. Өөрийн баатрыг бүтээхдээ тэрбээр нууцлаг өнгөрсөн үе, хэмжээлшгүй их баялаг, өшөө авах хонзогнол зэргийг нэгэн цул болгоод зогсохгүй өөрийн бодож, төлөвлөсөн зүйлээ гүйцэлдүүлэхэд техникийн асар их боломж бололцоо байсан гэдгийг нэмж өгсөн юм. Ингэж Нэмо гэдэг латин нэртэй Хэнчбиш гэдэг баатар мэндэлсэн билээ. Хамтдаа түүнтэй шумбацгаая.
Nautilus on-line
Их зохиолчийн шинэ романы эхлэл сонины мэдээ, мэдээллийн хэлбэрээр эхэлжээ. Үйл явдал уг номыг бичсэн жил буюу бараг on-line байдалд өрнөсөн билээ. “1866 он гайхалтай үйл явдлаар тэмдэглэгдсэн юм. Хөлөг онгоцнуудын ахмадууд тэнгис далайд урт гулдмай адил фосфор цацруулсан нэгэн биетийг харсан гэдгээ мэдээлж эхлэв. Тэрхүү биет хэмжээгээрээ халимнаас том бөгөөд түүнээс илүү хурдан хөдөлгөөнтэй байсан юм” гэж зохиол эхэлдэг. Зохиогч хөлөг онгоцнуудын нэр, тэдгээрийн уснаа явагч үлэмж биеттэй тааралдсан огноо болон газрыг дурдаж байсан тул олон хүн зохиолчийн уран зөгнөлийг бодит үйл явдал мэтээр ойлгож хүлээж авчээ.

Далайн гүнд амирлангуй орших тэр нууцлаг биет хөлөг онгоцнуудыг мөрдөж мөшгөөд дараа нь тэдэн рүү халдаж байсан юм. Өөрийн хүчирхэг соёогоороо доороос нь цоо хатгах аж. Нэлээн анхааралтай уншдаг хүн эдгээр халдлагад зөвхөн Англи болон Канадын хөлөг онгоцууд, түүнчлэн Зүүн Энэтхэгийн компанийн мэдлийн онгоцууд өртөж байсныг анзаарах биз ээ. Тэр үед Канад улс Их Британийн эзэмшилд байсан билээ. Мөн аль ч улсын далбаан дор боолын наймаа эрхэлж байсан хөлөг онгоцууд халдлагад өртөн далайн гүнд нойрсч байжээ. Хөлөг онгоц эзэмшигчид болон даатгалын компаниуд ихээхэн айдаст автсан тул энэ араатныг эрж хайн устгах ажлыг Америкийн явдал хурдан сөнөөгч хөлөг онгоц “Авраам Линкольн”-ыг хөлсөлж даатгуулжээ. Энэ аялалд нэрт эрдэмтэн Пьер Аронакс оролцсон байна. Гурван сар гаруй аялсны эцэст байлдааны хөлөг онгоц уг араатныг олж түүн рүү дайралт хийсэн юм. Араатны хариу цохилт тэрхүү хөлөг онгоцыг живэхэд хүргэсэн аж. Аронакс, түүний зарц Консель, жад шидэгч Нэд Лэнд гурав л азаар амьд үлджээ. Төдөлгүй тэд шумбагч онгоцны дотор явж орсон гэдэг. Түүнийг далайн гүнд амьдрагч бөгөөд баригдашгүй өшөө авагч нэгэн эр удирдаж байв. Тэр хүн өөрийгөө ахмад Нэмо гэж танилцуулав. Зохиолын баатар болон зохиолч өөрөө яаж яваад ийм амьдралаар оров оо?
Их зохиолч Жюль Верн нэлээн боловсорсон хойноо буюу 34 настайдаа утга зохиолд анх хөл тавьсан байдаг. Тэр туурвина гэдгийг жинхэнэ үзүүлж өгч байлаа. Нэг жилд 2-3 роман бичиж дуусгаж байв. 1860-аад оны дунд үеэр Жюль Верны баатрууд агаарын бөмбөлгөөр аялж, газрын гүнд зорчин, сар руу нисч байсан юм. Энэ үед түүний уран бүтээлийн оргил нь болсон “Ахмад Грантын хүүхдүүд” роман бичигдэж эхэлсэн байлаа. Шинэ зохиолын сэдэв ч олдсон бөгөөд шинэ Робинзонуудын түүх боловсорсон нь хожим “Нууцат арал” романд тусгалаа олсон билээ.
Жаахан ч болов амрахын тулд Жюль Верн гэр бүлээ дагуулаад зуны саруудад далайн эргийг зорьдог байсан аж. Ла-Маншийн эрэг дээрх загас агнуурын Кротуа гэдэг жижигхэн тосгонд очиж амьдарна. Мэдээж хэрэг тэр тэнд ч зүгээр суусангүй. Өөрийнх нь өгүүлснээр бол цөллөгөнд байгаа аятай хөдөлмөрлөж байжээ. 1866 оны зун тэр “Ахмад Грантын хүүхдүүд”-ийг бичихээ үргэлжлүүлж, “Усан доогуур аялсан нь” гэдэг нэрийн дор шинэ зохиолын сэдвээ тунгаан бодож суулаа. Хар багаас нь түүнийг далай татдаг байжээ. Жаахан хүүхэд байхдаа тэрбээр хөлөг онгоцонд усан цэргээр ажилд орохыг оролдож байсан гэдэг. Үүний тулд тэр нэгэн хөлөг онгоцны усан цэрэгт хахууль өгч, түүнтэй хувцсаа сольж өмсөөд хөлөг онгоцон дээр гарч онгоцны хөндий дотор нуугдсан аж. Хэдхэн цагийн дараа тэр хөлөг онгоц Энэтхэгийг зорих ёстой байсан юм. Эцэг, эх нь хүүгээ эрж, хайн сандралдсаны эцэст хөлөг онгоц зангуугаа татаж байх үеэр амжиж түүнийг буулгасан байна. Тэгвэл Кротуа тосгонд түүний хүүхэд насны мөрөөдөл биеллээ олжээ. Зохиолч эр загас агнуурын жижиг завь худалдаж аваад түүнийгээ багахан хэмжээний хөлөг онгоц болгож тохижуулаад чамгүй урт хугацаатай аялалд гарч эхлэв.

Жюль Верн тэрхүү далайн аяллынхаа үеэр умгар өрөөн дотор тав тухгүй байдалд зохиолоо бичсэн хэвээр байлаа. Далайн аялалд гарч буй хэнийг ч хоёр зүйл гайхшруулдаг билээ. Дээр байгаа тэнгэр, хөлгүй их далайн ус. Жюль Верн уран сэтгэмжиндээ хөтлөгдөн далайн ус руу шумбах нь олонтаа байв. Тэр усан дор судалгаа явуулдаг бодит болон хийсвэр төхөөрөмжүүдийг судласан аж. Шумбагч онгоцыг 1627 онд Английн философич Фрэнсис Бэкон өөрийн “Шинэ Атлантид” нэртэй үл гүйцэлдэх бодол бүхий зохиолдоо дүрсэлсэн билээ. Үнэн хэрэг дээрээ бол тэр үед багахан хэмжээний гүнд асар богино хугацаанд шумбах чадвартай төхөөрөмж бүтээгдсэн байлаа. “Робинзон Крузогийн адал явдал” зохиолыг бичсэн зохиолч, бизнесмэн Даниель Дефо тэрхүү шумбагч төхөөрөмжийг ашиглан живсэн хөлөг онгоцнуудын ачаа барааг далайн гүнээс гаргах оролдлогуудыг хийж байсан ч түүний энэ сэдэл бүтэлгүйтсэн аж. 1797 онд нэрт инженер-зохион бүтээгч Роберт Фултон “Наутилус” нэртэй анхны шумбагч онгоцны загварыг бүтээжээ. Үүний дараагаар хоёр ч төслийг зохион бүтээж, 1800 онд Фултоны бүтээсэн шумбагч онгоц усан дор 8 орчим метрийн гүнд бараг 500 орчим метр газрыг туулсан байдаг. Шумбагч онгоц хоёр усан цэргийн ажиллагаанд оруулж байсан сэлүүрүүдээр хөдөлгөөнд орж байжээ.
Гэвч тэрхүү “Наутилус” шумбагч онгоц далайн гүнд нэвтрэх төхөөрөмж төдийгүй оньсого байсан юм. Тэгвэл хэний ч орж дөнгөөгүй тэрхүү далайн гүнд юу байж таарах вэ? Тэнд үлэмж биетэй араатнууд амьдардаг гэдэг нь үнэн болов уу? Далайн ёроолд их хэмжээний алт, эрдэнэс байдаг гэдэг нь үнэн үү? Энэ бүх асуултын хариулт зөгнөлт зохиолчийн хувьд оньсого хэвээр байсан юм. Үүнийгээ тэр өөрийн зохиолуудад хангалттай дурджээ. Түүнд энэ бүх нууцыг дэлгэхэд туслах баатар эр хэрэгтэй байсан юм. Тэр хүн хэн байж болох вэ? Яаж яваад тэр хүн усан дор орсон байж таарах вэ? Далай тэнгисийн усыг ширтэнгээ Жюль Верн далайн ёроол дахь нууцат ертөнц дан ганц байгаль дэлхийн бус хүний нууцыг ч хадгалдаг хэмээн боджээ. Тэнд хэн нэгэн Хэнчбиш нөхөр албаар нуугдан амьдарч байвал яах вэ?
Зохиолч таарч тохирох босогчийг удаан хайх хэрэг гарсангүй. Дөнгөж саяхан буюу 1863-1864 онуудад Польшид зэвсэгт бослого дэгдсэн бөгөөд бүгд л үүнд Оросын эзэрхэг бодлогыг шүүмжилж байсан юм. Дүрвэгсэд эх орончдыг хэрхэн яргалж, тамлаж байсныг биетээр үзүүлж, ярьж байсан гэдэг. 77 мянган босогчдоос 128 хүнийг цаазлан хороож, цөллөгөнд 800 хүн илгээгдэж, 12500 хүн нутаг заагдсан байдаг. Энэ дундаас Жюль Верн өөрийн зохиолын баатрыг олсон аж. Тэр хүн бол Оросын эзэн хааны цэрэгтэй эх орныхоо эрх чөлөөт байдлын төлөө тэмцсэн Польшийн үндсэрхэг үзэлтэн байв. Тэрбээр ар гэр, ах дүүсээ алдсан тул баригдахаас айн дайжиж явжээ. Тэр зүгээр ч нэг нуугдсангүй. Харин ч зохиолчийн өгүүлснээр бол жинхэнэ өшөө хорслыг авагч нэгэн болж хувирав. Энэ санаа бодлоо Жюль Верн хэвлэн нийтлэгч бөгөөд найз Жюль Этцельтэй хуваалцсан байна. Этцель насаар ах, Вернээс илүү туршлагатай нэгэн байсан бөгөөд түүний зөвлөгөөг Францын утга зохиолын ноён оргилууд болсон Бальзак зэрэг хүмүүс үг дуугүй дагадаг байсан юм. Тэрбээр Франц улс Оростой ойртон нөхөрлөх арга замуудыг эрж хайж байгаа гэдгийг мэдэж байлаа. Ийм нөхцөлд Засгийн газар энэ номыг улс төрийн өдөөн хатгалт мэтээр хүлээж авах байсан аж. Тийм учраас Этцель түүнд Нэмогоо боолын худалдаачдын заналт дайсан болгохыг зөвлөсөн байна. Верн өөрийн бодлоос ухарсангүй.

Зохиолч эр өөрийн баатрын өнгөрсөн түүхийг болон түүний өшөө хорслын сэдлийн талаар юу ч бичээгүй билээ. Үүний тайллыг тэрбээр өөрийн “Нууцат арал” нэртэй дараагийн романд дэлгэхээр шийдсэн байна. Ахмад Нэмогийн уур хорсол Английн хөлөг онгоцнуудын эсрэг чиглэгдсэн болохыг сануулъя. Өөр нэг хэсэгт Энэтхэгийн эрэг орчимд ахмад Нэмо сувдны ангууч энэтхэг эрийг авардаг тухай гардаг юм. Аварга махчин загас түүн рүү дайрахад Нэмо амь насаараа дэнчин тавьж байж сувдны ангууч эрийг авардаг билээ. Зохиол дээрээ ажиллах үеэрээ Жюль Верн баатрынхаа сонголтыг эцэслэн хийв. Зохиолын баатар нь энэтхэг хүн болсон аж. Ийнхүү бүх зүйл ойлгомжтой, тодорхой болов. Хар өнгийн далбаа нь Энэтхэгт бослогын бэлгэ тэмдэг билээ. Ахмад Нэмод бодит хүн олдсон байна. Тэр хүнийг Нана Сахиб гэдэг байсан юм. Яагаад чухам тэр гэж? Хэдэн жилийн өмнө Энэтхэг бүх нийтийн анхаарлын төвд орсон аж. 1857 онд тэнд ард нийтийг хамарсан томхон бослого дэгдсэн нь түүхэнд Сипайчуудын бослого гэж тэмдэглэгдсэн билээ. Үнэхээр л анхандаа цэрэг эрс үймж боссон бол удахгүй тэдэнтэй хотын иргэд, тосгоны тариачид, тэр ч байтугай Энэтхэгийн язгууртан анги нэгдсэн байна.
Английн булаан эзлэгч засаг захиргаа, Зүүн Энэтхэгийн компанийн удирдлага, цэргийн командлал бүгд сандралджээ. Удалгүй энэ бослого ширэнгэн ойд тавьсан гал түймэр мэт газар авав. Төдөлгүй Энэтхэгийн төв хэсэг бүхэлдээ бослогод автсан аж. Зарим нэг гүнлигүүдэд босогчид нутгийн эрх, дархтнуудад энэ тэмцлийг толгойлох саналыг тавин хандаж байлаа. Цаадуул нь ч эрх мэдлийг болон үүрэг хариуцлагыг өөр дээрээ авч эхлэв. Ийм удирдагчдын нэг нь Нана Сахиб байсан юм.
Англичуудын үед ван, гүн нар бараг эрх мэдэлгүй байсан бөгөөд Зүүн Энэтхэгийн компаниас нэлээдгүй хэмжээний тэтгэлэг авч түүгээрээ тансаг амьдрал дунд умбах бололцоотой байсан билээ. Нана Сахиб харин боловсрол олж авсан, утга зохиол, урлаг, хөгжмийг ихэд ойлгож үнэлдэг нэгэн байжээ. Гэвч хойд эцгээ алдсан залуухан ван тэрхүү тэтгэлгээсээ хагацсан байна. Булаан эзлэгчид түүнийг албан ёсны өв залгамжлагчаар тодруулахаас татгалзсан бөгөөд үнэн хэрэг дээрээ бол тэтгэлэг олгох мөнгийг харамласан гэж үздэг. Нана Сахиб өөрийн Битхур дахь эдлэн газартаа эгэл даруухан амьдарч байсан бөгөөд хааяахан нэг заанаа хөлөглөн Маратхи улсынхаа нийслэл Канпур хотыг зорьдог байжээ.
1857 оны зургаадугаар сарын 04-ний өдөр Канпур хотын цэргийн гарнизоны сипайчууд бослогод нэгджээ. “Хорт могой нарт хайр энэрэл хэрэггүй” гэж тэд мэдэгдсэн байна. Дийлэнх нь дүрэмт хувцсаа тайлж хаяад бослого гаргасан хотын иргэдтэй нийлэв. Англичууд айсандаа цайзан дотроо бүгсэн аж. Нана Сахиб Маратхи улсын бүрэн эрхт эзнээр зарлагдсан аж. Тэрбээр англичуудад бууж өгөхийг санал болгосон байна. Ингэхдээ тэрбээр тэдэнд Ганг мөрнөөр айх аюулгүй явж одоход нь саад учруулахгүй гэдгээ амлав. Цэргийн гарнизоны дарга генерал Уиллерт өөр сонголт байгаагүй тул тэрбээр зэвсгээ хураалгахыг зөвшөөрчээ. Гэвч эрэг дээр гэнэт буудалцаан эхэлсэн байна. Хэн түрүүлж гал нээснийг хэн ч мэдэхгүй юм. Энэ талаар Англи болон Энэтхэгийн түүхчид өнөөг хүртэл маргалдсаар байдаг билээ. Аймшигт дүр зураг харагдав. Олзлогдсон бараг бүх хүн алагдсан бөгөөд цөөн тооны эмэгтэйчүүд, хүүхдүүдийг барьцаанд үлдээж хорьсон байна. Английн цэрэг дайралт хийх үеэр тэднийг бүгдийг нь буудан хороожээ. Ийнхүү ширүүн тулалдаанууд эхэлсэн юм.
Маргааш өдөр нь хажуугийн гүнлэг болох Жхансид бослого дэгджээ. Тэрхүү бослогыг гүнгийн хатан Лакшми-Баи тэргүүлсэн аж. Багадаа тэрээр Битхурт амьдарч байсан бөгөөд түүний аав вангийн ордны дэргэд зөвлөхөөр ажиллаж байжээ. Тиймээс ирээдүйн гүнгийн хатан Нана Сахибыг сайн таньдаг байв. Энэ бүсгүй овсгоо самбаа болон ур ухаанаараа гайхагдаж байсан гэдэг. Нэг удаа тэр хүмүүсийг алмайруулж орхисон байна. Бүсгүй гартаа хоёр сэлэм эргүүлж, морь унан давхихдаа жолоогоо амандаа зууж давхижээ. Хожим нь тэрээр Махаражтай гэрлэсэн бөгөөд нөхрөө нас барсны дараагаар бага насны хүүгийнхээ асран хамгаалагч буюу үндсэндээ Жханси гүнлэгийн захирагч нь болсон юм. Есдүгээр сард Английн цэргүүд Жханси руу дайралт хийсэн бөгөөд энэ гүнлэгийн ард түмэн долоон сарын туршид ширүүн эсэргүүцэл үзүүлсний эцэст аймшиггүй хатан зоригт удирдагч бүсгүй Лакшми-Баигаа тулалдааны үеэр алдаж ялагдал хүлээсэн билээ. Жханси руу дайралт хийж байсан Британийн армийн командлагч ноён Хью Роуз түүний талаар бахдаж ярьсан байдаг.

Энэхүү чөлөөлөх дайн бараг хоёр жилийн туршид үргэлжилсэн юм. Босогчид ялагдал хүлээх нь тодорхой болоод байв. Босогчид нэгдсэн удирдлагагүй, нэгдмэл зорилгогүй байсан аж. Англичууд эхэндээ ялагдал хүлээж байсан ч хүчээ зузаатган, аян дайны төлөвлөгөөгөө нарийн боловсруулсны дүнд бослого дэгдсэн нутгуудыг ээлжлэн эзлэж байлаа. Ширүүн тэмцэлдсэний эцэст Канпур хот ч бууж өгчээ. Английн цэргийн командлал эзэлж авсан хот, тосгодыг дээрэмдэн тоноход гурван хоногийн хугацааг цэргүүддээ олгож байсан юм. Нана Сахиб үлдэгдэл цэрэгтэйгээ оргон зайлсан бөгөөд партизаны тэмцэл эхлүүлэв.
Цаашид түүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй билээ. Босогчдын удирдагчдыг барьж авсан гэдгээ англичууд мэдэгдээд сонин хэвлэлүүдэд баривчлагдсан эрийн гэрэл зургийг хэвлэсэн байна. Гэвч энэтхэгчүүдийн хэн нь ч тэр зургийг хараад өөрийн удирдагчийг таниагүй гэдэг. Сахиб ор мөргүй алга болжээ. Тэр магадгүй эргээд ахмад Нэмогийн дүрээр гарч ирсэн байх магадлалтай гэж үздэг.
Ноён Хэнчбиш багаа хуулж байна
Франц улсад Европ тивийн адилаар Энэтхэгт болж буй үйл явдлуудыг анхааралтай ажиглаж байсан юм. Энэтхэгийн эсэргүүцлийн хөдөлгөөний гол баатруудын нэрс дэлхий даяар танил болжээ. Францад Нана Сахиб нэгэн баатарлаг эрийн тухай өгүүлдэг жүжгийн зохиолын гол баатар болсон билээ. Тэрхүү жүжгийг “Порт-Сен-Мартен” театрын тайзнаа амжилттай тавьж байв. Энэ нэр манай хойд хөрш Орос улсад ч түгсэн юм. Нана Сахиб ирээдүйн их найрагчид болох Н.Гумилев, Н.Тихонов нарын хүүхэд насны бахархал болсон аж. Нууцлаг ахмад Нэмо хэн байсан нь удахгүй тодорчээ. “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь” романд тэрбээр оньсого мэт хүнээр дүрслэгдсэн билээ. Тэгвэл “Нууцат арал” романдаа зохиолч энэ нууцын хөшгийг бүрэн нээсэн юм.
Жюль Верн шинэ Робинзонуудын эрэлд гарсан хэдий ч энэ ажил нь мухарджээ. Ингээд тэр “Нууцат арал” зохиолоо ахмад Нэмо болон зарим нэг талаар “Ахмад Грантын хүүхдүүд” бүтээлтэйгээ холбож өгсөн байна. Ийнхүү нэг ёсны гурамсан роман мэндэлсэн түүхтэй. Харин энэ гурван боть зохиол “Ер бусын аяллууд” нэртэй дуусашгүй цуврал бүтээлийн нэгээхэн хэсэг болсон билээ. Их зохиолч Жюль Верн энэ цувралын хүрээнд 100 боть роман бичихээр төлөвлөж байсан ч ердөө 70-ыг бүтээж амжсан юм.
Умард болон Өмнөдийнхний дунд дэгдсэн Иргэний дайны үеэр олзлогдсон умардынхан агаарын бөмбөлөг ашиглан оргон зайлдаг билээ. Тэд салхинд туугдсаар нэгэн эзэнгүй арал дээр очдог бөгөөд амьд үлдэхийн тулд хэрхэн зовж, зүдэрч, арга саам эрэлхийлж байгаа нь өгүүлэгддэг. Эдгээр шинэ Робинзонууд бол инженер, сэтгүүлч, усан цэрэг, хар арьстан, жирийн нэг хүүхэд юм. Тэдгээрийн дүрээр зохиолч хүн төрөлхтнийг төлөөлүүлж хэлсэн биз ээ. Үүн дээр нэмээд бүхний хайр энхрийллийг хүртсэн Топ нэртэй нохойг дурдахгүй өнгөрч болохгүй. Хаанаас ч юм бүхнийг шийдэгч, бас чадагч Бурхан гарч ирнэ. Бурхан энэ зохиолд хэд хэдэн удаа гарч ирдэг билээ. Тэднийг тэвдэж, хэцүүдэж байх үеэр хаанаас ч юм гарч ирээд тусламж үзүүлж орхино.
Зохиолын төгсгөлд Робинзонууд үл таних сайн санаат хүнтэй учирдаг аж. Тэр бол ахмад Нэмо. Гэхдээ тэр хөгширч, хүнд өвчин туссан байх юм. Тэрбээр өөрийн амьдралын сонирхолтой түүхийг тэдэнд өгүүлнэ. Түүнийг ханхүү Даккар гэдэг байсан бөгөөд Европт суралцаж байжээ. Эх нутаг болох Энэтхэгдээ буцаж очоод мань эр заналт дайсан болох англичуудын эсрэг бослого гаргахаар бэлтгэж эхэлнэ. Мэдээж хэрэг тэр үргэлж тэргүүн шугаманд тэмцэж явсан гэнэ. Тэр үхлийн өөдөөс сөрж явсан ч элгэн нутгийнх нь бурхад түүнийг ивээж байсан аж. Түүний өмнөөс үхлийг аав, ээж, эхнэр, хүүхдүүд нь хүлээж авсан байна. Босогчид ялагдал хүлээсний дараагаар ханхүү Даккар хүний ертөнцөөс алга болно.
Удалгүй тэр ахмад Нэмогийн дүрээр эргэж мэндэлжээ. Эрхэмсэг атлаа өшөө хорслыг умартдаггүй тэр эр далай тэнгисийн эзэн нь болов. Түүний хамтран зүтгэгчид ээлжлэн одсоор тэр орь ганцаар үлдэнэ. “Наутилус” нэртэй шумбагч онгоц нь ахмадынхаа мөнхийн бунхан болсон аж. Хийсвэрээр сэтгэж зохиосон ханхүү Даккарын намтар түүх үнэндээ Энэтхэгийн эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Нана Сахибын хувь тавилантай яг таг таардаг билээ. Нэр болон Европт суралцаж байснаас бусад нь. Жюль Верн энэ дүрийн бүх зүйлийг шавхсан ч бас болоогүй байлаа.
Нана Сахиб эргэн ирсэн нь
Хэдэн жил өнгөрсөн хойно Жюль Верн Энэтхэгийн нэрт хүүгийн хувь тавиланд дахиад хандсан байна. Энэ нь ч учиртай гэдэг. Тэр үед зохиолчийн гэр бүлд бага зэргийн асуудал тулгарчээ. Түүний хүү Мишель багадаа их эмзэг хүү байсан аж. Эцэг, эх нь түүнд дэндүү их анхаарал, халамж тавьдаг байсан учраас хүү өөрийгөө ертөнцийн хамгийн чухал хүн мэтээр ойлгожээ. Өсч том болоод Мишель аавынхаа хуримтлуулсан мөнгийг баруун, солгойгүй цацаж, дээр нь дэндүү дурламтгай нэгэн болсон байв. Тэр зөвхөн жүжигчин хүүхнүүдэд дурладаг байсан юм. Тиймээс гэр бүл нь удахгүй хөрөнгө мөнгөөр хомсдож эхэлжээ.
Аргаа барсан Жюль Верн хүүгээ холын аялалд явахыг зөвлөсөн байна. Хаа нэгтээ бус харин Энэтхэгийг зорихыг үүрэгджээ. Алс холын аян зам хүүгийнх нь толгойноос тэнэг бодлыг нь гаргаж дөнгөнө хэмээн аав нь найдаж байв. Гэтэл байдал эсрэгээрээ эргэжээ. Мишелийн зорчиж явсан хөлөг онгоц зангуугаа хаях болгонд тэр даруй аугаа их зохиолч Жюль Верны хүү түүгээр зорчиж яваа гэсэн мэдээ хуурай өвсөнд тавьсан түймэр мэт тархаж байсан юм. Хүүг болон зохиолч аавыг нь хүндэтгэж нүсэр хүлээн авалт зохион байгуулдаг байв. Заримдаа хүлээн авалтад 200-300 хүн оролцох нь энүүхэнд байсан аж. Энэтхэгт очоод тэрбээр хүндтэй зочинд тооцогджээ. Харин гэр рүүгээ бичсэн захидалдаа мэдээж тэр хүнд хэцүү нөхцөлд мөнгөгүй зовж байгаа тухайгаа ичих ч үгүй өгүүлж байлаа.
Ямар ч байсан хүүгээ явуулаад Жюль Верн бага зэрэг тайвшралыг хүртжээ. Тэрбээр хүүдээ атаархаж суув. Хүү нь Энэтхэгт биечлэн очиж, бүх зүйлийг нүдээр харж байгаа бол Верн дүрслэн бодох төдийхнөөр хязгаарлагдаж байсан аж. Бодол санаандаа тэр өөрийгөө хэрэв тэнд очсон бол юугаар аялж болохыг төсөөлсөн байна. Заанаар аялах бодол хамгийн түрүүнд орж ирэв. Улмаар уурын машинаар зорчих сэдэл төржээ. Эцэс сүүлдээ энэ хоёрыг хоршуулан уураар ажилладаг зааныг сэтгэлгээндээ зохион бүтээсэн аж. Ингэж “Ууран байшин” нэртэй романы сэдэл төржээ. Уг зохиолын нэгдүгээр бүлэгт л бидний сайн танил Нана Сахиб гарч ирдэг юм. Тэр нууцлаг байдалд нутагтаа очин тэмцлээ үргэлжлүүлнэ. Өөрийн заналт дайснаас өшөөгөө авна. Атаат дайсан нь ойр дотны хүмүүсийг нь хорооход голчлон оролцсон хурандаа Монро байх аж. Хурандаагийн эхнэр нь ч Канпур хотод болсон цуст хядлагын үеэр алга болсон байна. Английн нэгэн зохион бүтээгчийн бүтээсэн ууран хөдөлгүүртэй заан хурандаагийн мэдэлд орно. Тэр заан араасаа хоёр тэргэнцэр чирч явах аж. Ингээд хэдэн найз офицерынхоо хамтаар хурандаа Монро Энэтхэг даяар хийх аялалдаа гарна. Энэ үеэр Нана Сахиб өөрийн дүүгийн хамтаар эх нутагтаа ирээд байлаа. Сахибын дүү тулалдааны үеэр амь үрэгдэх бөгөөд удалгүй Нана Сахиб хурандаа Монрог олзолж авна. Тэр үед англичууд босогчдыг зэрлэгээр хороож, бусдад үлгэр болгон үзүүлдэг байжээ. Тэд их бууны аман дээр тухайн хүнийг хүлээд бууддаг байв.
Сахиб хурандааг өөрсдийнх нь шалгарсан аргаар тонилгохоор шийдсэн аж. Гэнэт хаанаас ч юм галт бамбар барьсан сэтгэл мэдрэлийн өвчтэй бололтой нэг эмэгтэй гарч ирнэ. Хурандаа Монро тэр эмэгтэйг хараад өөрийн эхнэр болохыг таньдаг юм. Эмэгтэй галт бамбараа их буунд ойртуулах үеэр аз болж түүний шадар туслах амжиж Монрог суллана. Дараа нь Нана Сахиб өөрөө мөн олзонд орно. Ингээд түүнийг уураар ажилладаг зааны хүзүүнд хүлж орхиод хамаг байдгаар нь ажиллуулж эхэлнэ. Удалгүй ууран тогоо тэсэлгүй дэлбэрч хүн болон машиныг үгүй хийж орхино. 1880 онд бичигдсэн энэ романдаа Жюль Верн өшөө авалт гэдгийг хангалттай дүрсэлсэн бөгөөд эргэж энэ сэдвийг ерөөс хөндөөгүй гэдэг. Нарийн судлах юм бол ахмад Нэмогийн дүр бол утга зохиолд дүрслэгдсэн алан хядагчийн анхны дүр билээ.
Эх сурвалж www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ