Төр төсвөө батлаж, шатахуун импортлогчдыг аргадсан өдрүүд
Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нефтийн бүтээгдэхүүн, тэр дундаа шатахуун импортлогч компаниуд ОХУ-ын Роснефть групп татвараас шалтгаалан импортын үнээ нэмлээ гэсэн шалтгаанаар бензиний үнийг литр тутамд нь 200-230 төгрөгөөр нэмэхээс аргагүй байдалд хүрлээ хэмээн мэдэгдсэн.
Манай улсын хувьд хойд хөршөөсөө нефтийн бүтээгдэхүүний хувьд бүрэн хараат байдалд оршдог. Тиймээс хэсэг хугацааны давтамжаар Оросын компаниуд үнээ нэмэх явдлыг бид ямар ч шалтагтай байсан хүлээж авахаас өөр аргагүй байдалд ордог.
Төр засаг, ард иргэд бултаараа л яг ийм байдал давтагдах вий гэсэн болгоомжлолд автсан нь өнгөрсөн долоо хоногийн улстөр,нийгмийн онцлох үйл явдал байлаа.
Зарим шатахуун түгээх станцууд нөөцгүй болсон гэсэн шалтгаанаар дизель түлш, АИ-92, АИ-95 бензинийг худалдаанд гаргахгүй, зарим газарт зөвхөн картаар олгож эхэлсэн.
Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Газрын тосны газраас шатахуун импортлогч компаниуд үнэхээр нөөцгүй болсон уу, аль эсхүл нийгэмд зохиомол хомсдол үүсгэв үү гэдгийг шалгасан юм.
Шалгалтын өмнө зохиомлоор хомсдол үүсгэхийг санаархсан байх ахул хатуу хариуцлага тооцно гэдгийг ч төрөөс анхааруулсан юм.
Үүнтэй зэрэгцэн Уул уурхайн яамнаас мэдээлэл хийж Монголбанкнаас нефть импортлогч 12 компанид 120 сая ам.долларын зээл олгохоор болсныг сонордуулсан.
Ийнхүү 120 сая ам.долларын зээл авч “аргадуулсан” компаниуд шатахууны хязгаарлалтыг зогсоож он гартал жижиглэнгийн үнэд өөрчлөлт оруулахгүй байхаа “амлажээ”.
Гэсэн ч өнгөрсөн долоо хоногийн үйл явдал шатахуун импортлогч компанийн эздийн эх оронч бус сэтгэлгээ, бий болсон нөхцөл байдлыг ашгаа нэмэх хэрэгсэл болгон ашиглахыг хүссэн бүлэг хүмүүсийн тоглолт, төр засгийг ялж чадахаа харуулж байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт МАН-ын лидер У.Хүрэлсүх олны анхааралд байлаа. УИХ-д цөөнх болж хувирсан, ганц хоёр суудлын төлөө ардчиллын өмнөөс жагсаал, цуглаан хийж яваа МАН-ын хувьд намынхаа төлөө хамгийн их сэтгэл, зүтгэлтэй лидерээ алдсан нь уг намын хүчин чадлыг улам бүр сулруулж байна хэмээн хэвлэлүүдээр мэдээлсэн.
Тус намын бас нэг лидер Ц.Шаравдорж мөн л хувийн шалтгаанаар төрийн албыг орхиж олон жилийн туршлага бүхий кадрын орон зайг намдаа үлдээлээ.
МАХН нэрнээс “Х” үсгийг авч хаяснаар задралд орсон намаа сонгуульд ялагдвал хариуцлагыг нь өөрөө үүрнэ хэмээн амлаж асан У.Хүрэлсүхийн хувьд гишүүний бүрэн эрхээс татгалзах болсон шалтгаан үнэхээр гэр бүлийн хүнийх нь эрүүл мэндийн байдал байсан уу, аль эсхүл хэмээх таамаглал нэлээдгүй олон хувилбараар мэдээллийн хэрэгслүүдээр бичигдсэнийг энд дурдах нь илүүц юм.
Өнгөрсөн пүрэв гаригт ирэх оны манай улсын нэгдсэн төсвийг баталсан нь томоохон үйл явдал.
Хамгийн том хэмээх тодотголтой 2013 оны нэгдсэн төсөвт “Долоон их наяд наян найман тэрбум гурван зуун сая” төгрөг төвлөрүүлэхээр боллоо.
Энэ нь өнгөрсөн оныхоос даруй гурван их наяд төгрөгөөр илүү төсөв юм.
Улсынхаа түүхэнд хамгийн ихэд тооцогдох энэ төсвийн ихэнх нь уул, уурхайн салбарт хамааралтай нь мэдээж.
Ямартай ч ирэх онд монголчууд эдийн засгийн хөгжлөө ахиулж, бүтээн байгуулалтыг өсгөхөд анхаарах нь.
АНУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах мөчтэй зэрэгцэн манай улсад орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа эхэлж, нэр дэвшигчид үнэмлэхээ гардацгаалаа.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН, МАН, ИЗНН, МАХН, МҮАН, Эх орон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гэсэн улс төрийн долоон хүчин оролцохоор мэдүүлгээ СЕХ-нд өгсөн.
Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8108 мандатын төлөө 19400 нэр дэвшигч өрсөлдөж эхэлж байна.
Нийт мандатын 5241 нь мажоритар, 2779 нь хувь тэнцүүлсэн байдлаар эзнээ олох билээ. УИХ-ын сонгуульд биеллээ олсон эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зарчим орон нутгийн сонгуульд ч хэрэгжиж байгаа нь 6000 орчим эмэгтэй нэр дэвшигч бүртгэгдээд байгаагаас харагдаж байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ