
Өчигдөр АНУ-д ахмад дайчдын хүндэтгэлийн өдөр боллоо. Энэ өдөр дайнд оролцсон ахмад дайчдыг баярлуулах, амь насаа алдсан цэрэг дайчдад хүндэтгэл үзүүлэх ёслол болдог. АНУ-ын Манхеттан хотноо уг баяр хамгийн ёслол төгөлдөр болсон бол Сэнди хар салхинд өртсөн Нью-Йорк хотод энэхүү баяр жагсаал цуглаан, эсэргүүцлийн хэлбэртэй болж өнгөрлөө. Хоёр долоо хоног орчим АНУ-ын зүүн хойд нутгийг ээрч буй хар салхиний учруулсан хохирол хотын зарим хэсэгт одоо хэр нь харанхуй, гэрэл цахилгаангүй хэвээр байна. Тиймээс хотын оршин суугчид удирдлагуудад хандан дэд бүтцийн шинэчлэлийг даруйхан хийж, гэрэл цахилгаанд холбож өгөхийг шаардан жагсаал өрнүүлжээ.
Олон хоног тог цахилгаангүй байсан иргэдийн амьдрал тухгүйн дээр хүйтэнтэй тулгарч байгаа нь байдлыг улам хүндрүүлэх шалтгаан болсоор байна.
Өнөө хэр 10 орчим дүүргийн 150 мянган гаруй иргэд гэрэл цахилгаангүй байсаар байна. Тэдгээр иргэдийн 40 мянга гаруй иргэн нь Нью-Йоркийн оршин суугчид юм. Хотын зарим хэсгээр тог ирж байгаач тасралдан, тогтвортой бус байгаа ажээ. Хотын зарим хэсэгт цэвэр усны цорго нээгдсэн нь үүсээд байсан нэг томоохон асуудлыг шийдэж өгсөн байна .
Гамшигт нирвэгдсэн хотын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүрсээр байгаа. Гэвч орон гэр нь тэр чигээрээ усанд автаж, нурж хэмхэрсэн учир толгой хоргодох газаргүй олон тооны хүмүүс байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан хотын захирагч Майкл Блүүмберг хотыг сэргээн засварлах ажилд нэлээд анхаарал хандуулан түргэвчлэн ороод байгаа. Үүнд ч орон нутгийн төсвөөс нэлээдгүй хөрөнгө мөнгө төсөвлөөд байгаа юм.
Одоогийн байдлаар хохирлын хэмжээг бүрэн тодорхойлоогүй байгаа ч урьдчилсан байдлаар 25 тэрбум ам.долларын хохирол амссан гэнэ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ