Хошин дуучдын шилдгийг тодрууллаа

img

Ардын болон зохиолын дууны арвин баялаг санд, ард түмний хошигнон дуулдаг олон сайхан дуу багтдаг билээ. Эдгээр дууг сэргээх, хөгжүүлэх, залуу дуучдаар дуулуулах, тэдний урын санг арвижуулах зайлшгүй шаардлагатай болоод буй. Тиймээс “Сансер медиа” группын хамт олон энэ үйлсийг дэмжиж, хошин шог дууг хөгжүүлэх зорилгоор “Зохиолын болон ардын хошин шог дууг хэн сайн дуулах вэ” хоёр дахь уралдааныг МҮЭСТОрдонд амжилттай зохион байгууллаа. Тус уралдааны анхны шалгаруулалтыг 1999 онд мөн “Сансар кабель” компани зохион байгуулж байжээ. Энэ жилийн тэмцээнийг “Сансар медиа групп” зохион байгуулж, хамтран оролцогчоор соёл урлагийн SCH телевиз, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын олон үндэстэн ястны ардын дууны холбоо, Соён гэгээрүүлэгч телевиз зэрэг байгууллага оролцов. Уралдааны эхний шатанд хот, хөдөөгийн 18-аас дээш насны 132 дуучин, ардын авъяастан оролцсон юм. Эдгээр 132 дуучнаас 24 нь эцсийн шалгаруулалтад тэнцэж, МҮЭСТО-д болсон Гала концертод оролцож, үзэгч түмэндээ өөрсдийн авьяасаа тольдсон билээ. Тэднээс Түмэн эх чуулгын дуучин Б.Мөнхбаатар тэргүүн байранд шалгарч “Гарамгай сайн дуулаач” боллоо. “Гарамгай сайн дуучин”-ыг нэг сая төгрөгийн мөнгөн шагнал, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаар шагнасан. Түүнчлэн Гала концертыг чимж байсан уран бүтээлчид нь гавьяат жүжигчин Б.Туяа, Л.Чаминчулуун нар байлаа. Хоёр гавьяат маань анхны уралдаанд тэргүүн болон дэд байранд шалгарч байсан билээ. Тиймээс хошигнолын урлагийн мастер болсон хоёр гавьяат маань Гала тоглолтын үеэр үзэгчдэдээ уран бүтээлээ толилуулж, цөөхөн хором ч гэсэн хөгжөөгөөд авна билээ. “Зохиолын болон ардын хошин шог дууг хэн сайн дуулах вэ?” уралдааны онцлог нь мэргэжлийн дуучдаас илүү ардын авьяастанг түлхүү оролцуулдаг гэдгээрээ бусад уралдаанаас ялгардаг. Мөн мартагдах шахаад буй ардын болон зохиолын хошин шог дууны төрлөөр уралдаан зохион байгуулж буй нь энэ төрлийн дууг дахин сэргээж олны хүртээл болгохын зэрэгцээ залуу хойч үедээ ихийг таниулж буй юм. Тиймээс уг уралдааныг “үр өгөөжтэй болж өндөрлөлөө” хэмээн олон хүн магтаж суусан. Энэхүү уралдааны ерөнхий найруулагчаар Монголын концертын төвийн ерөнхий захирал, соёлын гавьяат зүтгэлтэн ОХУ-ын Буриад улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор Д.Ухнаа ажиллаж, чадалтай чансаатай, эрч хүчээр дүүрэн байгаагаа харуулсан нь залуу үеийнхэн ялангуяа урлагийн салбарт хүчээ сорьж байгаа залуус түүнээс сурч мэдэх зүйл олон байгааг үлгэрлэж байсан. Уралдааны шүүгчээр Монголын хөгжим судлаач соёлын тэргүүний ажилтан С.Энхбулаг, Р.Энхбазар, гавьяат жүжигчин, Радио телевизийн тэргүүний ажилтан Ч.Буянхишиг нар ажилласан. Хөндлөнгийн ажиглагчаар “Сансар кабель” компанийн хүний нөөцийн дарга Э.Баасанхүү, Ардын жүжигчин П.Хаянхярваа, Монголын олон үндэстэн ястны ардын дууны холбооны тэргүүн, гавьяат жүжигчин Ш.Даваахүү нар байсан юм. Цаашид тус уралдааныг “Сансар медиа” группийнхэн уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулахаар болжээ. Эх сурвалж: "Тв7" сэтгүүл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мөнхжаргал:
та надад маш их таалагддаг шүү . энэ эрчээрээ урагшаа
2013-11-29