Шүүх бүсгүйд Талархлын өдрөөр цагдаа нарыг дайлахыг үүрэгджээ

img

АНУ-ын Охайо мужийн шүүх тэндхийн нэгэн оршин суугч эмэгтэйд Талархлын өдрөөр гурван цагдааг оройн хоолонд оруулахыг үүрэгдсэн байна. 46 настай Валери Рожерс цагдаагийн алба хаагчийг машинаараа мөргөсөн тул ийм шийтгэл хүлээхээр болжээ. Тэрээр 2012 оны долоодугаар сард энэ хэргийг үйлдсэн аж. Тухайн үед тус мужид уламжлалт марафон гүйлтийн тэмцээн болж байсан бөгөөд цагдаагийн ажилтан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулан зам дээр зогсч байв. Цагдаагийн ажилтан түүнийг машинаа зогсоох дохио өгтөл эмэгтэй тушаал биелүүлэхийн оронд сандарсандаа чигээрээ явжээ. Ингэснээр тэр цагдаагийн ажилтныг шүргэж, цаадахь нь хойш саван унав. Рожерс бүсгүй шүүх дээр өөрийн бурууг хүлээсэн байна. Шүүгч түүнийг Талархлын өдөр цагдаа нарыг хооллох ёстой гэсэн шийдвэр гаргасан бөгөөд дээр нь нэг жил тэнсэн харгалзах ял оноов. АНУ-д Талархлын өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын дөрөв дэх пүрэв гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил уг баярыг 22-ны өдөр тэмдэглэх юм. Энэ өдөр Америкийн гэр бүлүүд жигнэж шарсан цацагт хяруул болон хулуугаар хийсэн бялууг зооглодог аж. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ