
NBA-гийн шинэ улирлын гарааг муу эхлүүлсэн "Лос-Анжелес Лейкерс" дасгалжуулагч Майк Брауны оронд 61 настай Майк Д’Антониг томилжээ. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Майк Д’Антони "Лейкерс"-тэй 4 жилийн гэрээ байгуулж, 12 сая $ долларын цалин авахаар тохиролцсон байна. Мөн энэ албанд Фил Жексоны нэр яригдаж байсан ч тохиролцоонд хүрээгүй аж. Шинэ дасгалжуулагч томилогдсоны дараа тус багийн гол тоглогч Коби Брайнт “Би Фил Жексоныг ирсэн бол тун их баярлах байлаа. Гэхдээ Д’Антониг таатай хүлээж авах болно. Одоо гол нь бидний хамтын харилцан ойлголцол илүү чухал болоод байна” хэмээн мэдэгджээ.
1973-1990 онд NBA-гийн тоглогч байсан Майк Д’Антони дасгалжуулагчийн карьераа Италийн лигээс эхэлж "Милано", "Бенеттон Тревисо" багуудад долоон жилийг өнгөрөөсөн. 1998 онд Д’Антони NBA-д эргэн ирсэн бөгөөд "Денвер Наггетс", "Портлэнд Трэйл Блэзерс", "Финикс Санс", "Нью-Йорк Никс" багуудыг дасгалжуулж байсан юм. 2005 оны NBA-гийн шилдэг дасгалжуулагч болсон тэрээр NBA-д нийт 727 тоглолтод багаа удирдаж, 388 хожил, 339 хожигдол гэсэн үр дүнтэй билээ.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ