“Ану хатан” шилдгийн шилдгээр шалгарлаа






Хамгийн шилдэг, хамгийн сайн номнуудыг нэрлэхийн сацуу уншигчид, үйлчлүүлэгчид, бичгийн мэргэддээ нэгэн дор чуулах боломжийг олгон зохион байгуулагддаг “Grand book-2010” ёслолын ажиллагаа боллоо. “Интерном” номын их дэлгүүрээс дөрөв дэхь жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний онцлог нь өнгөрсөн жил борлуулалтаараа тэргүүлсэн 100-н номоо шалгаруулж, тэдгээрээс шилдэг, шилдгийн шилдэг, онцлох номнуудаа танилцуулан хүндэтгэн өргөмжилдөг ёслол юм.
Тиймээс “Grand book-2010” шалгаруулалт Монголын уран зохиол, Түүх нийгэм, Бизнес, эдийн засаг, Эрүүл мэнд, гэр бүл, Хувь хүний хөгжил, Хүүхдийн зурагт ном, Шашин, Сурах бичиг, гарын авлага, Танин мэдэхүйн чиглэлийн шилдэг 100-н номыг танилцуулсан юм.
“Grand book-2010” шалгаруулалтын Монголын уран зохиолын төрөлд Шилдгийн шилдэг номоор Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” ном шалгарсан юм. Мөн зохиолч эмэгтэйн “Сэтгэлийн анир” ном шилдэг номоор шалгарсныг онцолж хэлэх нь зөв биз ээ.
Тус шалгаруулалтын Оны Онцлох Уран бүтээлчээр зохиолч, яруу найрагч, дуун хөрвүүлэгч Ж.Нэргүй эрхмийг онцолж байна. Тэрбээр Америкийн нэрт зохиолч, либертари үзлийг тунхаглагч Айн Рэндийн Европ, Америкийг 53 дахь жилдээ байлдан дагуулж буй алдарт “Атлантын нуруу тэнийв” гурамсан романаараа эл шагналыг хүртлээ.
Хамгийн богино хугацаанд уншигчдын хүртээл болсон “Оны онцлох ном”-оор Хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” роман шалгарлаа. Зохиогч эл романаа 2004 онд хэвлүүлсэн бол өнөөдөр дэлхийн 30 гаруй хэлнээ орчуулагдаж, зохиолчийнхоо төдийгүй Монгол үндэстний нэр алдрыг дуурсгасаар байгаа юм. Монсудар газраас Зян Руны “Чонон сүлд” романыг эрхлэн гаргаж Монгол түмэндээ хүргэсэн нь уншигчдын таалалд тун ихээр нийцэж байгаа билээ.
Дээр өгүүлсэнчлэн чиглэл тус бүрт шилдгийн шилдэг, шилдэг номууд тодорсон. Тухайлбал, Монголын уран зохиолын төрөлд зохиолч Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам” Р.Эмүжиний “Хар торгон бээлий” гэхчлэн уншигчдын таашаалд нийцсэн номнууд шилдэг номоор шалгарсан бол Бизнес, эдийн засгийн чиглэлийн шилдгийн шилдэг номоор “Капиталын нууц” Шилдэг номоор “Маркетинг” “Синдикат” гэхчлэн номнууд шалгарав. Харин Түүх, нийгмийн чиглэлийн Шилдгийн шилдэг номоор зохиогч Жак Уэтерфордын “Монголын их хатдын нууц товчоо” ном шалгарсан юм. Эл номыг А.Мөнгөнзул, С.Соёлжин нар орчуулжээ. Мөн Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” ном шилдэг номоор шалгарсан. Номыг Г.Ганболд орчуулсан аж.
Ийнхүү Монголын хамгийн анхны номын их дэлгүүр 2010 оны хамгийн шилдгүүдийг уншигчдынхаа шууд оролцоотойгоор тодрууллаа. Сайн номонд сүүлчийн хуудас гэж байхаас сүүлчийн уншигч гэж байхгүй хэмээн их зохиолч Д.Маам нэгэнтээ өгүүлснийг “Grand book-2010” ёслолын ажиллагаанд чуулсан эрхмүүд хэлж байсныг тэмдэглэхэд таатай байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ