Сайн дурынхан сард 171 сая төгрөгийн үр ашиг үзүүлдэг

img

НҮБ-ын санаачлагаар 2001 оноос жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг  Олон улсын сайн дурынхны өдөр болгон тэмдэглэдэг болсон. Харин Сайн дурын байгууллагуудын  сүлжээ 2003 оноос хойш албан ёсоор тэмдэглэж байна. Тэд жилийн турш хийсэн ажлуудаа олон нийтэд нэгтгэн танилцуулж, сайн дурынхны хүчийг нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлэх, нийтийн анхаарлыг татах кампанит ажил болгон өрнүүлдэг. Судалгаанаас харахад Монголд 22 мянган сайн дурынхан идэвхтэй ажилладаг бөгөөд эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчин, хүмүүнлэгийн зэрэг салбарт ажиллаж, сард 2,4 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр шимийг нийгэмд үзүүлдэг ажээ. Эгнээндээ 27 байгууллагыг нэгтгэсэн тус сүлжээ 16907 гишүүнтэй, Удирдах зөвлөлийн хурлаар зохицуулагч байгууллагаа жилийн хугацаатай сонгодог байна. Тэд Монголд сайн дурын үйлсийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувь хүн, албан байгууллагыг сонгон шалгаруулж, оны шилдэг сайн дурын ажилтан, төсөл, үйлстэн, байгууллага, дэмжигч байгууллага, залуу ажилтан гэсэн зургаан номинациар 2012 оны шилдгүүдээ шалгаруулах юм байна. 2008 оноос хойш 12 байгууллага, 12 хүний сайн дурын үйл ажиллагааг шалгаруулан алдаршуулжээ. Төр, төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн комисс шилдгүүдийг шалгаруулж, 12 дугаар 5-ны өдөр Олон улсын сайн дурынхны өдрийн ёслолын үйл ажиллагаан дээр зарлана. Шилдгүүдээ сойх снирхолтой байгууллага, хүмүүс “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ-д хандаж байна. Шалгаруулалттай холбоотой мэдээллийг www.move.org.mn сайтаас авч болно. Монгол дахь сайн дурын байгууллагуудын сүлжээ 2011 онд 27 мянга гаруй /давхардсан тоогоор/ сайн дурынхан нийгмийн хөгжил, сайн үйлсийн төлөө 4.822.000 цаг ажиллаж , цалингийн доод хэмжээгээр тооцоход 3.847.956.000  төгрөгийн ажил хийжээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар сард дунджаар 12600 сайн дурынхан нийгмийн хариуцлагын чиглэлийн сургалт, байгаль орчноо хамгаалах,  эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг иргэдэд хүргэхэд туслах зэргээр сард дунджаар 214,709  цагийн ажил хийсэн байна. Энэ нь сайн дурынхны оролцоо, нийгэмд тустай төсөл хөтөлбөрөөр дамжуулан сард 171 сая төгрөгийн эдийн засгийн үр ашгийг нийгэмд үзүүлж буй хэрэг юм. Х.Баатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ