
Гүйлтийн нэрт эмэгтэй тамирчин Пинки Праманик үнэндээ эрэгтэй хүн бөгөөд хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж байна гэж Энэтхэгийн Калькутта хотын цагдаагийн байгууллага зарласныг телевизийн NDTV суваг даваа гаригт мэдээлжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тамирчинд үзлэг хийсэн эмнэлгийн комисс Праманикийг эмэгтэй хүн гэсэн дүгнэлт гаргаж, үүнийг дараа цагдаагийн байгууллага түүнийг сэжигтнээр албан ёсоор татсан байна.
Нэг эмэгтэй өөрийг нь хүчиндсэн гэж энэ оны зургаадугаар сард цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дараа тамирчныг саатуулжээ. Тамирчин жинхэнэдээ эрэгтэй хүн, бид хэдэн сар хамт амьдарч байсан юм гэж хохирогч эмэгтэй мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллага Праманикийн хүйсийг нарийн тогтоолгохоор түүнийг эмнэлгийн шинжилгээнд явуулжээ. Тэгээд шинжилгээ хийх хугацаанд түүнийг барьцаагаар сулласан байна. Хэд хэдэн удаа үзлэг, шинжилгээ хийснээс хойш таван сарын дараа эмнэлгийн комисс Энэтхэгт дуулиан тарьсан дүгнэлт гаргажээ.
Тамирчин өөрт нь тулгаж буй бүх сэжгийг няцааж, үүнийг хуйвалдаан хэмээн хэлж байгаа аж. Праманик бол тун саяхны гүйлтийн нэрт тамирчин бөгөөд түүний хамгийн сайн гүйдэг зай нь 400, 800 метр юм. Праманикийг Коломбо хотод 400, 800 метрийн зайн гүйлт, түүнчлэн 4х400 метрийн буухиа гүйлтэд алт авсан 2006 оны Өмнөд Азийн спортын наадам түүний одтой үе байжээ. Мөн тэр жил Доха хотод Азийн наадам дээр 4х400 метрийн буухиа гүйлтэд алт, Мельбурн хотод болсон хамтын нөхөрлөлийн орнуудын наадам дээр мөн энэ төрөлд мөнгөн медаль авсан байна.
2007 онд тамирчин хөлөндөө хүнд бэртэл авч, түүний спортын амьдрал уруудаж эхэлжээ. Тэр их спортод буцаж орох гэж хэд хэдэн удаа оролдсон ч, түүнийг бэртэл гэмтэл байнга дагасаар байсан байна. Тийнхүү гурван жилийн дараа Праманик хөнгөн атлетикийг орхихоор шийджээ.
Праманикийн хэрэг спортын их дуулиант хэрэг болж мэднэ гэж энэтхэгийн хэвлэлд бичиж байна. Хэрвээ тамирчны гэм буруутай нь нотлогдвол, түүний оролцсон уралдаан тэмцээний үзүүлэлтийг эргэн авч үзэж, бүх медаль, шагналыг хурааж болох юм.
Д.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ