
Аргентиний шигшээ болон “Барселона” багийн супер од Лионель Месси Бразилийн домогт хөлбөмбөгч Пелегийн 1958 онд Бразилийн шигшээ болон “Сантос” клубийг төлөөлөн тоглохдоо тогтоосон рекордыг эвдлээ. Месси ням гаригт Ла-лигийн тоглолтод хоёр гоол хийснээр 12 сар буюу хуанлийн нэг жилийн хугацаанд 75 гоол оруулсан Пелегийн рекордыг шинэчилж байна. Тэрээр “Мальорка”-гийн хаалганд энэ оны 75, 76 дахь гоолоо шигтгэсэн нь энэ билээ. Одоо түүний өмнө 1972 оны туршид Германы шигшээ, “Бавари Мюнхен”-ий төлөө 85 гоол оруулсан Герд Мюллер ганцаараа бичигдэж байна.
2012 он дуустал “Барселона” Ла-лигтээ зургаа, Испанийн цомд нэг, UEFA-гийн Аваргуудын лигт хоёр, нийтдээ есөн тоглолт хийх тул Месси “гоолын герман машин”-ыг гүйцэх ихээхэн боломжтой гэсэн үг. Аргентиний шигшээд хоёр ч удаа тоглохыг үгүйсгэхгүй. Хөлбөмбөг тоглосон хугацаандаа 421 тоглолтод оролцож, 304 гоол оруулаад байгаа түүний хувьд бүр ч гайхахааргүй үзүүлэлт. Ялангуяа Месси өнгөрсөн улиралд 59 тоглолтод 76 гоол оруулсан төдийгүй сүүлийн үед тоглолт бүрт 1-2 гоол оруулж байгаа юм.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ