Тавантолгой хишиг хүртээх үү
Хот 2030 он гэхэд танигдашгүй болтлоо хөгжих ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл иргэддээ телевизийн “Мөрөөдлөө хамгаалцгаая” нэвтрүүлгээр танилцууллаа. Улаанбаатар метротой болж, Ногоон нуур орчмын буйран дээр ногоон байгууламж бүхий хороолол сүндэрлэж, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн дагуул хотхон баригдах зэрэг олон сайхан төлөвлөгөө хэрэгжих цаг удахгүй гэдгийг дуулгалаа. Базаахгүй юманд дөжирч гүйцсэн манайхны хувьд энэ нь алтан панаал мэт санагдаж болох авч эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд Катарын араас аман хүзүүдсэн амжилтаараа Оюутолгой, Тавантолгойн үүцнээс олсон ашгаа зөв зарцуулж чадвал ердөө хориод жилийн ажил бололтой. Эгээ л өнөөдрийн Улаанбаатар шиг нийслэлийнхээ өнгө төрхийг 19-20 жилийн дотор өөрчлөн шинэчилж чадсан Япон, Өмнөд Солонгос дэлхийн дэвжээнд гайхуулсан олимпийн наадам хийж чадсан байх юм.
Тэгвэл нийслэлийг дэд бүтэцжүүлэх хөрөнгө мөнгийг нүүрсний экспортын татварын орлогоор босгохоор зорилтот татварын хууль боловсруулж, УИХ-д нэр бүхий гишүүд өргөн барьсан ч одоо хэр таг чиг байна.
Ер нь Тавантолгойн сураг
Таван төгрөгөө яасан бэ
Танзуур боов авсан уу гэсэн дууны адил замхарч байна уу. Яагаад ийм хуучны хошин дуутай зүйрлэв гэхээр та бидэнд хишиг хүртээж, хувьцаагаа өгөх Таван толгой маань яасан бэ. Уг нь сонгуулийн өмнөхөн Тавантолгойгоос орж ирэх хувьцаа, мөнгө хоёрын алийг нь авах вэ, шалавхан сонго гэж иргэн бүрийг шавдуулаад байсан биз дээ. Нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа, эсвэл 1 сая төгрөг өгнө гээд өргөдөл чирэгдэл болсон. Сангийн сайд хийж байснаараа Н.Хаянхярваа л сонгуулийн үеэр Дархан-Уулын ахмадуудад нэг сая төгрөг өгнө лээ. Өөрөөр сураггүй шүү. Энэ бүхнийг санаачилсан, сайн мэдэх хүмүүс нь Их хуралд өнөөдөр сууцгааж л байна. Сү.Батболд нарын гишүүд мөн ч сайн мэднэ дээ. Өнөө оператор компаниуд бас юу болсон бэ? Тэр улсын, энэ улсын компанийг оруулсангүй, оруулах байсан гээд олон улсаар нэг шуугиад байгаагүй бил үү. Энэ бүхэн огт яригдахгүй явсаар өвлийн эхэн сарыг гаргаж байна.
Тавантолгойг цаашид авч явах хүнээр Я.Батсуурь томилогдлоо. Очсон чинь бүх юм нь болохоо байчихсан байв уу. Б.Энэбиш МАН-ын өнгөнд эргүүлж хаячихаад явчихсан байв уу. Я захирал ний нуугүй яривал яасан юм. Үнэнийг эхнээс нь хэлж, аудит оруулж байж ажлаа явуулахгүй бол эхэнд нь Б.Энэбиш, үлдсэнийг нь Я.Батсуурь эд бад хийлээ гэж цаагуур чинь ярина шүү. Ер нь монголчуудыг бодлогоор ч гэмээр юм уу, уул уурхайг үзэн ядах сэтгэлгээтэй болгоод байна. Ерөөсөө зүхдэг ганц юм нь уул уурхай боллоо. Тэмцэл хөдөлгөөн өрнөж буй ганц талбар нь уул уурхай боллоо. Бид уул уурхайг зүхээд юу хожих юм бол. Уул уурхайгаа дагаж хөгжихөөс өөр ямар боломж гарц бидэнд байгаа юм бол. Үүнд уул уурхайг зүхэх ч УИХ-ын гишүүд болон хэвлэл мэдээллийнхэн “Хөгжлийн ийм нэгэн өөр гарц байна” гэж ард түмэндээ хэлээд өгөөч.
Үнэнийг хэлэхэд монголчууд биднээс дэлхийд гайхуулсан оюун ухааны өндөр түвшний техник, технологи гараагүй байна шүү дээ. Өөрсдийгөө голж байгаа юм биш. Өөрсдийнхөө потенциалийг тултал ашиглах сэтгэл зүй дутаж байна гэдгийг хэлэх гэсэн юм. Ийм түвшний юмаа байг, тэгвэл ядаж аялал жуулчлалыг хөгжүүлье. Бодит амьдрал ийм байгаа нөхцөлд бид одоохондоо уул уурхайгаа дагаж хөл дээрээ босохоос өөр арга алга. Гэхдээ мэдээж уул уурхайгаа дагаж улс орноороо, ард нийтээрээ дэвжин дээшлэх ёстойгоос биш хэдхэн хүн хөлжөөд байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд хэдхэн хүн л хөлжих хэрэгсэл болох нь уу гэмээр ажиглагдсан. МАН-ынхны сэдсэн 1072 хувьцаа, нэг сая төгрөгийн амлалт ч гэсэн дээ иргэдээ алагчилсан юм шиг. Эхлээд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгнө гэж. Угтаа бол “Та нар хэзээ ч үхэж магадгүй, эхлээд авч бай” гэсэнтэй ялгаа алга. Эдгээр хүмүүст өгч эхэлсэн нэг сая төгрөг нь ойролцоогоор 900 ам.доллар юм. Бид Тавантолгойд мундаг менежменттэй ажиллахад энэ тоо 10-15 мянган ам.доллар болох боломжтойг судлаачид хэлж байгаа.
Өнөөдрийн байдлаар Хятадын “Чалько” компанитай таван жилийн тогтвортой байдлын гэрээ хийж, 250 сая ам.доллар авчихсан. Түүнийгээ МАН-ынхан халамж нэрээр иргэдэд тарааж инфляцийг хөөрөгдчихсөн. Я.Батсуурь “Эрдэнэс таван толгой”-д очоод хөдлөх гэтэл ирэх таван жилд нүүрсээ зөвхөн “Чалько”-д 70 ам.доллараар зарна. Өөр газар зарж болохгүй гэсэн яс гэрээ ширээн дээр нь тосч байх жишээтэй. Ийм л хөгийн юмнууд дуулдаж байгаа нь эмгэнэлтэй. Ийм эмгэнэлтэй байдалд өчигдрийн төр, засгийн удирдлага оруулсныг УИХ-ын зарим нэг гишүүд болоод хэвлэл мэдээллийнхэн зүхэж болно. Харин хэдхэн том даргын энэ балгийг Монгол Улсын хөгжлийн суурь болсон уул уурхай, эрдэс баялгийн салбарт тэр чигээр нь нялзаан гутааж болмооргүй. Яагаад гэвэл, шинэчлэлийн Засгийн газар зөв ажиллавал зөвхөн Тавантолгой хоёр сая гаруй иргэнээ байтугай хорин сая хүнийг өлхөөн тэжээх орд гэдгийг дэлхий баталж байгаа юм. Ялангуяа эрчим хүчний гол хэрэглэгч Америк, Япон, Солонгос, Герман... бүгдийнх нь зах зээл дээр манайх нүүрсээ гаргамаар байна. Тэд хэрэглэнэ. Бас борлуулж өгнө, мөнгө босгож өгнө. Эдгээр улс хоёр хөрш шиг маань эхлээд нийлүүлчих, дараа нь төлбөр тооцоогоо хийе гэдэггүй. Хамгийн эрүүл зах зээл, хамгийн том итгэлцэл тэнд байдаг учраас гэрээ ёсоор л өгнө, авна. Ингээд бичихээр яах аргагүй төмөр замаа яаралтай тавих асуудал босдог. Ингэхгүй гээд ч яах юм билээ. Таван толгой гэсэн нэгэн том цул хар алт хэвтээд байдаг. Түүнийг орчин үеийн технологиор бутлах хэрэгтэй, зарагдах газар нь хүргэх хэрэгтэй, зуучлах хүнийг нь олох хэрэгтэй. Ердөө л зах зээлийнхээ жамаар явах ёстой. Гэтэл зарагдах газар нь хүргэх замаа ч өнгөрсөн хугацаанд бэлдээгүй байж ард түмэндээ баахан хувьцаа, мөнгө амлачихсан байдаг. Ингэхээр л Тавантолгойгоо яасан бэ гэж асуухад хүрээд байна.
Оюутолгойн гэрээг өөрчлөх тухай асуудлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ерөнхийдөө бөөрөнхийлж орхисон. Одоо Улаанбаатарыг дэд бүтэцжүүлэх хөрөнгийг босгох эх үүсвэр болох нүүрсний экспортод татвар тогтоох тухай хууль парламентын тогоонд сураг алдраад байна. Дэлхийд хар алтаа гадагш нь ямар ч татваргүй гаргадаг улс Монголоос өөр байдаггүй. Үнэгүй, татваргүй нүүрсийг хятадууд аваад амтшиж орхиж. Тавантолгойгоо танзуур боовноос л өгчихгүй юмсан.
Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ