
Стандартын дагуу бол шатахуун түгээгүүрийн станц аливаа барилга байшингаас 150 метрийн зайтай байх ёстой. Харин эсрэгээрээ Шатахуун хадгалах савнаас ердөө дөрвөн метрийн зайд байшингаа барьдаг газар байх юм. Энэ бол Американ “гэрлл ресторан”-ныхан.
Уг нь их аятайхан, ороод суухад эвтэйхэн газар л даа. Олж байгаа мөнгө нь багадсан юм байлгүй байшин саваа томсгохоор өргөтгөл барьж эхэлсэн юм, өнгөрсөн долдугаар сард.
Асуудлын гол нь өргөтгөлөө явган хүний зам дээр, “Петровис” ХХК-ийн шатахуун түгээгүүрийн станцтай тулгаж барьчихаад байгаа аж.
Байршлын хувьд Хан Уул дүүргийн 1-р хороо, Наран Хотхоны 21Б байр. Байшин тойрдог зам дээр нь өргөтгөл барьсан болохоор иргэд бүр холуур тойрдог болжээ. "Американ Гэрлл" ресторан ганцаараа энэ байранд байдаггүй болохоор хажуу хавийнх нь аж ахуйн нэгжүүд дургүйцлээ илэрхийлжээ.
Хэзээ мөдгүй дэлбэрэх аюултай шатахууны савнаас айж байна, та нар өргөтгөлөө болиоч ээ гэж. Харин “Американ Гэрлл”-ийн удирдлага болох ах дүү хоёр н.Өлзий хөршүүдийнхээ үгийг бүү хэл хяналтын байгууллагын үгийг сонсдоггүй ойшоодоггүй гэнэ.

Нийтийн эзэмшлийн талбайд, газрын зөвшөөрөлгүй, хажуугийн “Петровис”ХХК-ийн ШТС-ын шатахуун хадгалах савнаас дөрвөн метрийн зайд өргөтгөлийн барилга барилаа, арга хэмжээ авна уу гэсэн бичиг цаасыг тэр байрны аж ахуйн нэгжүүд олон ч газар, олон ч удаа өгчээ.
Тэдний хандсан эхний байгууллага Хан-Уул дүүргийн газрын алба. Яг энэ асуудлыг ХУД-ийн Газрын албаны Б.Алтанзул гэгч газар зохион байгуулагч хариуцдаг юм байна.
Тэрээр гомдоллогчдод “Бид дийлэхгүй юм байна. Дээрээс ажлыг зогсоолгохгүй байна" гэсэн утгатай хариу хэлдэг ажээ. Ажилтнаас нь давж газрын албаны дарга Л.Отгонбаатартай холбогдож үзлээ.
“Газрын зөвшөөрөл бол байхгүй. Наад өргөтгөлийг чинь манайх хүчээр нэг нурааж үзсэн. Эргээд барьчихсан. Нураагаад байхад бариад байхаар нь энэ асуудлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өгсөн” гэсэн хариу өгч байна.
Ер нь бол аюулд ороод байгаа аж ахуйн нэгжүүд ХУД-ийн газрын алба, Онцгой байдлын газар, НМХГ-т тус барилгыг зогсоох, нураах талаар шаардлагыг удаа дараа тавьжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан ирж үзээд хэл амтай өргөтгөлийг барьж болохгүй гэсэн акт хүртэл тавьжээ. Хэрвээ зогсоохгүй үргэлжлүүлээд байвал шүүхэд хандахаас өөр аргагүй гэсэн байна.
Биднийг “Американ гэрлл” ресторанд очиход эзэд нь байсангүй. Энэ газрын эзэн гэх Өлзийтэй холбогдож тодруулахад бид зөвшөөрөлтэй гэсэн товч бөгөөд тодорхой хариултыг албаны хүнээс давж өглөө. Яг ажлын байран дээрээ байгаа “Американ гэрлл”-ийн ажилчид газрын албанаас хоёр ч удаа ирээд явсан. Тохиролцсон л гэсэн ш дээ. “Петровис”-ийнхан бас чимээгүй болсныг бодоход учраа олсон байх гэж байна.
Харин хаяанд нь аюул тарьж мэдэхээр байгаа ШТС-16-гийн эрхлэгч Б.Үүрийнтуяа өөр зүйл ярьж байна. “Шатахуун хадгалах савны яг хажууд өргөтгөл бариад байгааг нь ойлгохгүй байна. Ингэж болохгүй гэж хэлээд үг авахгүй болохоор нь холбогдох байгууллагуудад хандсан.
Бас л болохгүй гэж дүгнэлт гаргасан. Тэгсэн ч гэсэн манай хашааг нурааж ирээд л бариад байх юм” хэмээн арга ядан сууна. Ер нь бол өргөтгөлтэй өргөтгөлгүй шатахуун түгээгүүрийн станц барилга хоёрын зай хэт ойр юм. Стандартаараа бол дээр хэлсэнчлэн 150 метрт байх ёстой.
Гол нь шатахуун түгээгүүрийн станц баригдсанаас хоёр жилийн дараа энэ барилга баригдсан гэхээр гэнэтийн эрсдэл тохиолдвол сүүлдэж баригдсаных нь хохь болохоор байгаа юм. Хяналт шалгалтын бүх байгууллагууд “Американ гэрлл”-ийн явган хүний зам дээр барьсан өргөтгөлийг хууль бус гэсэн дүгнэлтүүдээ гаргачихаад байхад өргөтгөлийг үргэлжлүүлсээр байгаа нь манай улсын аливаа хяналтын систем сул, ганц цайны газрын хууль бус барилгыг зогсоож чадахгүй дорой байгааг илтгэж байна.
Хэнд ч захирагддаггүй энэ барилгыг барьж байгаа "САЙФУ" гэх компанийн "Американ Гэрлл" рестораны өргөтгөлын барилгын үйл ажиллагааг яаралтай зогсоож, хууль бусаар барьсан барилгыг нурааж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, тус байранд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын аюулгүй байдал, эрхийг хангаж өгнө үү. Гол нь энэ өргөдлийг хэнд хаяглах вэ гэдэг л байна. Мэргэжлийн хяналт, Газрын алба нь дийлэхгүй байна шүү дээ.
Л.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ