
Хар луу жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр их эзэн Чингис хааны 850 жилийн нас сүүдэр тохиов. Энэ их ойг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар Монгол төрийн тэргүүн хоёр жилийн өмнө зарлигдаж, эрдэмтэн судлаачид Мянганы суут хүн Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр хэмээн нэгэн дуун дор нэгдсэн билээ. Өндөр ойн цараатай ажил өнгөрсөн оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Чингис хаан судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхэлсэн юм. “Чингис хааны нэвтэрхий толь” бүтээж, “Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний түүх, соёлын өв” газрын зураг, баримтат кино хийсэн “Чингис хаан” дээд сургуулийн захирал, доктор Х.Лхагвасүрэнгээс энэ талаар хөөрөлдсөнөө эргэн толилуулъя.
-“Чингис хаан судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал ямар ач холбогдолтой болсон бэ?
--“Чингис хаан судлал” олон улсын эрдэм шинжилгээний хуралд найман орны 30-аад эрдэмтэн оролцсон. ОХУ-ын доктор Е.И.Лиштованный “Наху гүний тулалдаан”, ХБНГУ-ын доктор Удо Б.Баркмани “Арга билгийг үзэх Чингис хааны үзэл-Эмэгтэйчүүд”, Японы профессор Мацүмото Ясүши “Чингис хааны энх тайванч бодлого” зэрэг сэдвээр гадаадын эрдэмтдээс илтгэл тавьж, санал бодлоо хуваалцсан юм. Чингис хаан XII-XV зууны соёл иргэншилт хүн төрөлхтөн оршин байсан Ази, Европын эх газрын ихэнх хэсгийг хамарсан 40 гаруй улсын 25-30 сая хав. дөр. км нутаг дэвсгэрт дэлхийн эзэнт гүрэн байгуулж, 150-350 жил оршин тогтносон билээ. Энэ бүхнийг тусгасан “Чингис хааны нэвтэрхий толь” бичгийн агуулга нь төр ёс, эрх зүй, гүн ухаан, шүтлэг, монгол цэргийн зэвсэг техник, түүхэн үйл явдал болсон газар нутаг, Чингис хааны үлдээсэн өв соёл зэрэг найман бүлгээс бүрдсэн юм.
Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний түүх соёлын газрын зураг, 20 гаруй минутын баримтат кино бүтээснээс гадна үзэсгэлэн гаргана. Газрын зурагт “Монголын нууц товчоо”-нд бичигдсэн газар ус, эзэнт гүрний доторхи улс орнуудын байршил, зам өртөө,, хөшөө дурсгал зэрэг бүгдийг багтаахыг хичээсэн. “Чингис хаан судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож, улам бүр хүрээгээ тэлж буй Чингис хаан судлалын асуудлыг шинэ шатанд гаргаж тавьснаараа онцлогтой болсон юм.
-Чингис хаан судлал чухам хэзээнээс эхэлсэн бэ?
-Нүүдэлчин монголчуудын гайхамшигт бүтээл “Монголын нууц товчоо” 1240 онд зохиогдож дууссанаар Монгол дахь Чингис хаан судлалын гараа эхэлсэн түүхтэй. Энэ талаар доктор, профессор Х.Шагдар тодорхой судалсан байгаа. XII зууны төгсгөл XIII зууны эхээр төв Азийн цээжинд монголчуудын өдөөсөн түүхэн үйл явдлууд тухайн үеийн олон орны анхаарлыг татсан юм. Өмнөд Сүн улсаас 1221-1237 онд Монголд зарагдаж ирсэн элч Жао Хун, Пэн Да Я, Сюй Тин, Даосийн алдарт зүтгэлтэн Чан Чун Бомбо нарын бүтээлүүд Хятадад Чингис хаан судлалын суурийг анх тавьжээ. 1264 онд Хубилай хаан Бээжинд Түүхийн хүрээлэн байгуулж, улмаар Чингис хаан, түүний залгамжлагчдын цадиг түүхийг туурвих ажлыг удирдан эхлүүлсний ачаар Монголын Юань улсын Өлзийтөмөр хаан 1294-1304 оны хооронд Чингис хаан, Тулуй, Өгэдэй, Гүюг, Мөнх, Хубилай хааны түүхийг алтаар бичиж үлдээсэн нь Чингис хаан судлалд мөнхийн хөшөө босгосон хэрэг байлаа. Үүнтэй нэгэн энэ чиглэлийн судлал Перс, Арабад тулгын чулуугаа тулж, Ибн ал Асар, Дждзджани, Ахмад ан-Невеси, Жүйвэни, Рашид Ад Дин нар бүтээлээ туурвиснаар Чингис хаан судлал бага Азид халин гарчээ. Мөн үүнтэй давхцан Чингис хаан судлалыг Европт хүргэх аяны жолоодогч нь Плано Карпини, Вильгельм Де Рубрук, Марко Поло тэргүүтэн байсныг бид мэднэ.
Английн дипломатич Жеофрей Чаусерийн 1390 онд бичсэн “Газрын эзний үлгэр” Англид төдийгүй баруун Европт Чингис хааныг танилцуулсан юм. Мөн армян гаралт дипломатч К. Д. Оссон “Монголын түүх” хэмээх дөрвөн дэвтэр зохиолоо франц хэл дээр хэвлүүлсэн нь Европт Чингис хаан судлалыг хөгжүүлэх хоёр дахь том түрлэг болжээ. Эндээс үзвэл Чингис хаан судлалыг францууд Европт цэцэглүүлсэн гэх бүрэн үндэстэй. Чингис хаан судлал XIX зууны эхээр францаас Орост нэвтэрсний дохио нь Н.Я. Бичуриний 1892 онд хэвлүүлсэн “Чингис угсааны эхний дөрвөн хааны намтар зохиол” юм. Харин Чингис хаан судлал XX зууны эхээр Америк тивд хөл тавьсан нь Х.Лембийн Чингис хааны тухай зохиол 1927 онд Нью-Йоркт хэвлэгдсэнтэй холбоотой. Ийнхүү Чингис хаан судлал дэлхийн улс орнуудын эрдэмтэн судлаачдын судалгааны объект болон тархсанаар дэлхийн чанартай шинжлэх ухааны мэдлэгийн бие даасан салбар болон хөгжжээ.
-Та археологич хүн. Чингис хааны үеийн монгол булш хэр олон, ямар онцлогтой байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд Монгол гүрний нийслэл Хархүрэм хотыг малтан шинжлэхийн хамт тус улсын нутаг дэвсгэрт Чингис хааны үеийн 200 орчим монгол булш илрүүлэн малтсан нь ихээхэн ач холбогдолтой юм. ыЭнэ үеийн монгол булш нь газрын хөрсөн дээр гонзгой дөрвөлжин хэлбэртэй, далан чулуу нь нуугдмал байдалтай, чулуун дараасны өрлөг нь умар зүг чиглэсэн, цөөвтөр чулуутай байдаг юм. Булшны гадаад зохион байгуулалтыг аваад үзэхээр газрын хөрсний аливаа эвдрэл, бороо хусны уснаас чанд хамгаалсан байхаас гадна талийгаачийг оршуулаад олон тооны том том дараас чулуу хийлгүй, толгой болон хөл орчимд нь бусдаас хэмжээгээр арай том чуулуу тавьсан байдаг.
Монгол булшнуудыг голчийн хэмжээгээр нь гурван бүлэгт хувааж болно. Чулуун өрлөг нь зүүн хойшоо чиглэсэн гонзгой уртавтар байдалтай булшинд Халзан хошуу, Тээл, Эг, Өлзийт, Хархүрэм мэтийн 30 гаруй тооны булш хамаарах ба ихэвчлэн уртаараа 2,5 м, өргөнөөрөө 1,2 м-ээс илүүгүй хэмжээтэй. Зууван дөрвөлжиндүү хэлбэрийн дараас бүхий булшны урт 3,5 м, өргөн 2,4 м орчим байдаг. Сүүлийн жилүүдэд Булганы Бүрэгхангайн Зараа толгой, Төв аймгийн Алтанбулагийн Морин толгой, Баян-Өлгийн Ачит нуурын сав зэрэг 20 гаруй газраас олдсон. Бууралын зарим булш, Дорнодын Хөлөнбуйр, Сүхбаатарын Тавантолгой, Дорноговийн Хөшөөнө Ухаагийн булш дөрвөн метр өргөн том чулуугаар өрсөн дугуйвтар байдлаараа онцлогтой. Чингис хааны үед нас барагсдаа булшлан оршуулж байсан нь хүнээ хүндлэх, мөнхжүүлэх, ёс суртахуун, сэтгэлгээний асар том илэрхийлэл байжээ.
-Монголчууд түүхэндээ арав гаруй төрлийн бичиг үсэг хэрэглэж байсан гэдэг. Гадаадын зарим судлаач Монголын эзэнт гүрний түүхийг бичиг үсгээр нь гуйвуулах санаархал цухалзуулдаг явдал бий. Юан гүрний үеийн бичиг үсгийн соёл ямар байсан юм бол...
-Аливаа улс гүрний нэгдэл нягтралыг хангах төрийн бодлогын үндэс нь соёлын бодлого, соёлын бодлогын үндэс нь бичиг үсэг юм. Учир нь тухайн ард түмний утга соёл, шашин шүтлэг, мэдлэг ухаан, хууль цааз бүгд гагцхүү бичиг үсгээр тэмдэглэгдэж, бичиг үсгээр дамжин уламжлагдаж байдаг. Монголчуудын өвөг дээдэс бүр Хүннү, Сяньби, Жужан, Киданы үеэс өөр өөрийн хэлний үг авиаг үсэг бичгээр ялган тэмдэглэсээр ирсэн баялаг уламжилалтай. Хэдий тийм боловч тэдгээр нь монголчуудын үндэстний язгуур үсэг бичиг биш, харин утга илэрхийлэх хятад үсгийг үет үсгийн тогтолцоонд оруулан хэрэглэж байсан гэж эрдэмтэд үздэг билээ. Хожим VIII-IX зууны үед монголчууд уйгур үсгийг авч, хэл аялгууныхаа онцлогт тохируулан өөрчилсөөр XIII-XIV зууны үе болж ирэхэд үндэстнийхээ бичгийн хэмжээнд хүргэж чадсан байна.
Юан гүрний бичиг үсгийн бодлогын тухайд академич, доктор, профессор Д.Төмөртогоо гуай энэ эрдэм шинжилгээний хуралд сонирхолтой илтгэл тавих гэж байна. Илтгэлд дурдсанаар Хубилай хаан XIII зууны дундуур хятадаар гол болгосон олон угсаатан бүхий их гүрнийг эмхлэн байгуулаад төр улсаа зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр бус, төр захиргааны аргаар нэгтгэн захирах бодлого баримталж байжээ. Тэрээр хятад, жүрчин, монгол, уйгур, түрэг, түвэд зэрэг олон аймаг угсаатны нүүдлийн болон суурин хэвшлийн соёл зэрэгцэн оршиж, бөөгийн мөргөл, күнзийн суртал, бомбын ёс, бүддийн сургаал төдийгүй ислам, нисториан зэрэг олон шашинтан холилдон аж төрсөн Юан гүрнийг ”даяар ертөнцийн шинжтэй хэт их гүрэн” болгохын тулд олон соёлын орчин бүрдүүлж, олон шашиыг адил тэгшээр хүндэтгэн үзэх бодлого баримталж байлаа.
Хубилай хаан шинэ тутам үүсгэн байгуулсан улс гүрнийхээ нэгдлийг нийтээр хэрэглэх төрийн бичгээр дамжуулан хангах зорилго тавьж, хятад, кидан, жүрчин, араб-перс, уйгур, татаар, түрэг, монгол, түвэд зэрэг олон янзын үсэг бичгийн дотроос хамгийн эртний бөгөөд хамгийн олон хүн хэрэглэдэг хятад үсгийг ч авсангүй. Их гүрний дотор хамгийн эрх нөлөөтэй эзэн орны монгол бичгийг ч авсангүй.
1260 онд түвэдийн эрдэмтэн Пагба лам Лодойжалцанг
“гурван орны номын багш
” болгон өргөмжилж, шинэ бичиг зохиох зарлиг буулгажээ. Уг зарлигийн эхийг сийрүүлбэл “Манай улс умард газар тулгар байгуулсан тул суртал нь хэмжээтэй, эртний ёсыг сахисаар ирсэн тул ёс дүрмийг тогтоож завдсангүй. Үсэг бичиг хэрэглэхүйд ямагт хятад, уйгур үсгийг ёсчлон зарж, тус гүрний захиаг уламжилсаар ирэв. Ляо улс ба Алтан улс, жич холхи олон улсын дүрмийг хянаваас цөм тус тусдаа үсэг буй амуй. Эдүгээ бичгийн засаг явах тутам дэгжирвээс үсэг бичгийг тогтоох нь дутуу, бүрдээгүй тул ийнхүү аливаа үсэг бичгийг орчуулан сийрүүлж, үгийг шулуухан, хэргийг нэвтэрүүлсүгэй хэмээн улсын багш Пагба-д зарлиг буулгаж, Монголын шинэ үсгийг үүсгэн зохиолгов. Үүнээс хойш тамгат бичиг буулгахдаа цөм Монголын шинэ үсгийг хэрэглэхийн хамт улс улсын үсгийг дагалдуулах хэрэгтэй” хэмээжээ. Пагба лам их хааны зарлигийг хүлээн аваад Юан гүрний дотор багтаж байсан олон угсаатаны хэл аялгууны ерөнхий тогтолцоог баримжаалан судлаад түвэд үсгийн хэлбэр дүрсийг монгол үсгийн бичлэгийн тогтолцоотой хослуулсан нэгэн шинэ үсгийг боловсруулан зохиосон нь түүхэнд дөрвөлжин бичиг буюу
”Пагбагийн бичиг
” хэмээн алдаршсан билээ.
Юан гүрний хэмжээнд уул бичгийг хэдэн жил туршин хэрэглэсний үндсэн дээр 1269 онд төрийн бичиг болгон тунхаглаж, олон хэлтний дундын бичиг болгон хэрэглэх зорилт тавьжээ. Эдүгээ бидний үед уламжлан үлдсэн дөрвөлжин үсгийн дурсгалуудын дотор Монголоос гадна хятад, түвэд, санскрит, түрэг хэлээр тэмдэглэсэн дурсгалууд нэлээд байгаа нь түүний олон улсын чанартай бичиг болохын бодит баримт болж байна. Тэдгээрийн дотор хад чулуун дээр сийлэн бичсэн бичээс 20 орчим, барын болон гар бичмэл 40 орчим, пайз, тамганы бичиг 10 гаруй байна. Нэрт монголч эрдэмтэн Б. Я. Владимирцов дөрвөлжин бичгийн үүрэг зорилгыг бодитойгоор ажиглаж, түүнийг олон уласын бичиг хэмээн онож нэрлэсэн билээ. Гэвч зуу гаруй жил оршин тогтносон Юан гүрэн задран мөхсөний дараа дөрвөлжин бичиг нь их гүрний дотор багтаж байсан аль ч үндэстний бичиг үсэг болон үлдэж чадсангүй. Гэхдээ дөрвөлжин бичгийн дурсгалууд нь Юан гүрний төрийн бодлого, хууль цааз, бурханы шашны сургаал номлол зэрэг өргөн хүрээтэй баялаг материал агуулж байгаагаараа Дорно дахины судлалын олон салбарт холбогдох үнэтэй чухал хэрэглэгдэхүүн болно.
-Дэлхий дахин капиталист, социалист хоёр ертөнцөд хуваагдсан үед Чингис хааны түүхийг хараар мушгин гуйвуулж, эзлэн түрэмгийлэгчийн дүрээр гаргадаг байсныг засч залруулан шинэ мянганы босгон дээрээс эхлэн эерэгээр тусгах хандлагатай болж байна. Гэвч тулгамдсан ямар асуудлууд байна вэ?
-Чингис судлалын түүхэн замнал дардан байсангүй. Харин ч урт хугацааны бартаат зам туулж, санаатай санамсаргүй мушгин гуйвуулга, үзэл сурталжсан туйлшрал, бүрхэгдүүлэлтийн аль алинд нь өртсөөр өдгөө хүрчээ. Төрөлх Монгол оронд нь ч ялгаагүй Чингис судлал саад бэрхшээлтэй замыг туулсан. Наяад оноос хойшхи үе нь Чингис хаан судлалын эрчимтэй хөгжлийн жилүүд болж байна. Чингис хаан сүүлчийн Мянганы түүхэн гарамгай хүнээр тодорч, түүний мэндэлсний 840, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий даяар өргөн тэмдэглэсэн нь Чингис хаан судлалын хүрээг олон улсын тавцанд өөрийн эрхгүй тэлж өглөө.
Гэвч Чингис хаан судлалыг дагасан хар сүүдэр арилаагүй байна. Түүний нэгэн жишээ нь Москвагийн Улсын их сургуулийн профессор Форменкогийн толгойлсон эрдэмтдийн наяад оноос хэрэгжүүлж байгаа “Шинэ он тоолол” хэмээх төсөл юм. Тэдний онолоор бол Чингис хаан гэдэг нь Оросын хааны нэр, Монгол гэдэг үндэстэн байгаагүй, зөвхөн ХХ зуунд Хятадаас тасарч нэгэн улс байгуулагдсан гэнэ. Гадаадынхны иймэрхүү гуйвуулга бас тасрахгүй төлөвтэй байна.
Өнөөдөр Чингис хаан судлалын өмнө тулгамдсан ямар асуудлууд байна вэ гэхээр юуны өмнө дэлхийн чанартай олон улсын хүч чармайлтыг нэгтгэх хөгжлийн төвшиндөө хүрчээ. Үүний тулд энэ эрдэм шинжилгээний хурлыг хоёр жил тутамд аль нэг оронд зохион байгуулах, Чингис хаан судлалын аль нэг тулгамдсан асуудлаар олон улсын төсөл хэрэгжүүлж, ном зохиол бичиж болох байна. Энэ чиглэлийн судлалыг урагшлуулах хөшүүрэг нь өнөөдөр археологи болоод байна. Тиймээс олон улсын археологийн хамтсарсан судалгааг явуулах нь нэн чухал. Мөн Чингис хаан судлалын сор болсон бүтээлийг тодорхой хугацаанд шалгаруулдаг уламжлал тогтоож, уг бүтээлд Чингис хааны нэрэмжит шагнал олгон гадаад хэлээр орчуулан хэвлэдэг болбол олон улсын судлаач, уран бүтээлчдийн идэвхийг өрнүүлэх болно. Ер нь Монголын түүхэнд дутагдаж буй нэг зүйл бол шүүмж юм. Чингис хаан судлалд ч шүүмж хэрэгтэй байгааг “Шинэ он тоолол” гэгчийн жишээ харуулж байна. Иймэрхүү оролдлогод бид тухай бүр нь няцаалт өгч, санал бодлоо уралдуулж, үнэнийг тогтоох эрэл хайгуул хийх шаардлагатай. Чингис хаан судлалын үр дүнг олон нийтэд хүргэн сурталчлах, Чингис хаан, түүний залгамжлагчид, төр, цэргийн зүтгэлтнүүдийн намтар түүхийг баримтжуулах ажил хойшлуулшгүй зорилтуудын нэг мөн.
Цаашдаа Монголд Чингис хааны номын сан, Монгол судлалын төв байгуулах учиртай. Энэ ажлыг мөн л олон улсын судлаачдын хүчээр хийж чадах тул гадаад, дотоодын монгол судлаачдын хүчийг дайчлах арга сүвэгчлэх хэрэгтэй. Чингис хааны нэр, хөрөг зэргийг хэрэглэх тухай хууль санаачлан батлуулах шаардлага амьдралаас урган гарч байна. Энэ бол Монголын судлаачдын нэг эрхэм үүрэг гэж үзэж болох юм. Чингис хаан судлалын академи “Чингис хаан” дээд сургуулийн дэргэд ажилладаг. Энд Чингис хаан судлалын араб, перс, хятад хэлтэй залуу судлаачийг бэлтгэх талаар хамтын хүчин чармайлт гаргах цаг болжээ. Аливаа түүхийг судлах нь өнгөрсөн үеийн амжилт ололт, алдаа эндлээс сургамж авч суралцахын учир залуу хойч үедээ Чингис хаан судлалын үр дүнг сонирхолтой, ойлгомжтой хэлээр, системтэй хүргэх үйлс эрдэмтэн судлаачдын анхаарлын гадна байж болохгүй.
Х.Баатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ