Монгол Улсын санаачилгаар “Хоршооллын олон улсын жил”-ийг зарлав
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны 10 дугаар сарын 31-ний бүгд хуралдаанаар “2012 оныг Олон улсын хоршооллын жил” болгон албан ёсоор зарлав. Бүгд хуралдааны нээлтэд ЕА-н 66 дугаар чуулганы дарга Нассир Абдулазиз ал-Нассер, ЕНБД-ын орлогч Аша-Розе Мигиро, Английн Ерөнхий сайд асан Г.Браун нар оролцож үг хэлэв. Чуулганы дарга бүгд хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Өөрөө өөртөө үйлчлэх, ардчилсан, тэгш, ижил эрхэд суурилсан харилцаа нь хоршооллын үндсэн зарчим юм. Хоршоолол нь ядуурлыг бууруулах, ажлын байрыг бий болгох зэргээр нийгмийн хөгжилд, цаашлаад тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна” хэмээн онцлон тэмдэглэв. Английн Ерөнхий сайд асан Г.Браун “Орчин үеийн амьдралд харилцан хамаарал улам ихээр нэмэгдэж байна. Бие даасан байдлыг хадгалахын тулд илүү ихийг хийх шаардлагатай байна. Дэлхийн хэмжээнд 1 тэрбум орчим хүн хоршоололд хамрагдаж, илүү өрсөлдөх чадвартай эдийн засгийг бий болгохын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байна” хэмээн тэмдэглэв. Хоршооллын олон улсын жилийг зарлуулах талаар ихээхэн санаачилга гарган НҮБ-ын тогтоол батлуулж, нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэж байгаа үүргийг олон улсын хэмжээнд таниулах чиглэлээр бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад нь Монгол Улсын Засгийн газарт үг хэлсэн орны төлөөлөгчид баяр хүргэж байв. Хоршооллын олон улсын жилийг зарлах арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “Тогтвортой хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг” сэдэвт дугуй ширээний уулзалтыг Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг даргалав. Дугуй ширээний уулзалтад Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын Хоршооллын холбоо, Канад, БНХАУ, Нидерланд, Аргентин болон Испанийн Хоршооллын холбооны тэргүүлэгчид хоршооллыг хэрхэн бэхжүүлэх, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, бодлогоор дэмжих зэрэг асуудлаар илтгэл тавьж, санал солилцов. Дугуй ширээний уулзалтад НҮБ-ын гишүүн орнууд, хоршооллын төлөөлөл болон иргэний нийгмийн төлөөлөл бүхий 400 орчим хүн оролцлоо. Мөн өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сангаас хамтран зохион байгуулсан албан бус уулзалтад манай төлөөлөгчид оролцож, уур амьсгалын өөрчлөлт болон хөрсний бохирдол нь манай улсын хувьд хүндхэн сорилтыг бий болгож байгааг болон эдгээр асуудал нь хүнсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй болохыг тэмдэглэсэн болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ