Хүн амын сангаас мэдээлэл хийлээ

img

НҮБ-ын Хүн амын сангаас “Дэлхийн хүн амын байдал 2012” тайланг танилцууллаа. “Монгол ньюс” мэдээллийн төвд зохион байгуулагдсан уг хуралд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Аржентина Матавел Пиччин, түүний Тусгай зөвлөх Ч.Даваасүрэн нар оролцов.   Дэлхийн хүн амын энэ жилийн тайланд эх хүүхдийн эрүүл мэнд, охид бүсгүйчүүдийн бие даасан бие хүн болох, тэднийг хамгаалах гол хүчин зүйл нь гэр бүл төлөвлөлт хэмээн онцолжээ. Учир нь гэр бүл төлөвлөлтийг хүний эрх хэмээн нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Гэвч гэр бүл төлөвлөлтийн тухай мэдээлэл сурталчилгаа хангалтгүй байдгаас сая сая жирэмслэлт, түүнтэй холбоотой эрүүл мэндийн хүндрэлүүд буурахгүй байгаа аж. Тодруулбал, дэлхий нийтэд 222 сая эмэгтэй гэр бүл төлөвлөлтийн найдвартай, чанартай үйлчилгээ, мэдээлэл, хүртэж чадахгүй байгаагаас эрсдэлтэй алхам хийсээр байна. Гэр бүл төлөвлөлтөд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг “Дэлхийн хүн амын байдал 2012” тайланд уриалсан бөгөөд гэр бүл төлөвлөлтийг зөв хийснээр ядуурал буурч, эрүүл мэнд сайжирч, жендэрийн тэгш байдал хангагдана. Эмэгтэйчүүд нөхөн үржихүйн эрхээ эдэлж, хэзээ жирэмслэхээ шийддэг болсноор эрүүл мэнд, боловсролын бусад эрхээ эдэлж, нэр хүндтэй амьдрах боломжтой болох аж.   Манай улсын хувьд өсвөр насны охидын төрөлт ихсэх хандлагатай  байгаа тул гэр бүл төлөвлөлтийн асуудлаар зөв мэдээлэлтэй болсноор  өсвөр үеийнхэн дунд сургуулиа дүүргэн,  нийгэмд  өөрийн гэсэн байр сууриа эзэлж, ажиллах хүчний оролцоо нэмэгдэнэ гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ