
Европын холбооноос таван тэрбум евро буюу 6.4 тэрбум ам.долларын мөнгөн тусламжийг санхүүгийн хүндхэн байдалд байгаа Египетийн засгийн газарт үзүүлэхээр болсон тухай тус улсын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.
Египетийн ерөнхийлөгч Мохамед Мурсигийн энэхүү хүсэлтэд Европын хөрөнгө оруулалтын банк болон Европын Бүтээн байгуулалт хөгжлийн банкнаас дөрвөн тэрбумыг гаргасан бол Европын холбооны гишүүн орнуудаас нэг тэрбумын тусламж ирүүлж байгаа юм.
Тусламж үзүүлэх болсныг мэдэгдэн Европын холбооны гадаад бодлого хариуцсан ахлах төлөөлөгч хатагтай Катерин Аштон Ешипетийн ерөнхийлөгчтэй Каир хотноо ирж уулзав. Ерөнхийлөгч Мохамед Мурси европын холбоонд хандан “ Хүнд хэцүүхэн цаг үед дэмжлэг үзүүлж буйд гүнээ талархаж байна. Манай улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэрээ оруулж байгаад баярлаж буйг хүлээн авна уу” хэмээн талархалаа илэрхийлсэн байна.
Өнгөрөгч лхагва гаригт болсон европын холбооны гишүүн орнуудын уулзалтаар энэхүү шийдвэрийг гаргасан юм.
Мөн өнгөрсөн есдүгээр сард Европын холбооны ерөнхийлөгчийн санаачлагаар Египетийн эдийн засгийг дэмжих үүднээс Олон улсын валютын сангаас 700 сая еврогын тусламж үзүүлж байсан. Египет улсын хувьд эдгээр өр зээлүүдийг ирэх онуудад төлж барагдуулахаар амласан юм. Ирэх онуудад тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өсч харин төсвийн алдагдал бага байна гэж тооцож байгаа.
Одоогийн байдлаар тус улсын хүн амын дундах ядуурал өсөх хандлагатай байгаа бөгөөд 83 сая хүн орлогын доод түвшинд хүрээд байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ