Хоёр Офелия
Улсын драмын эрдмтийн театрын хамт олон дэлхийн сонгодог урлагийн сор болсон Уильям Шекспирийн алдарт "Гамлет" эмгэнэлт жүжгээр өвөл цагийн нээлтээ хийгээд удаагүй байна. Бүх цаг үеийн мэргэжлийн урлагийн шилдгийн шилдэг оргил энэхүү бүтээлийг Монголын тайзнаа 33 жилийн өмнө Ч.Чимидийн орчуулгаар тавигдаж байжээ. Анх 1979 онд урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжав жүжгийг олны хүртээл болгосон аж. “Гамлет”-д Монгол Улсын Ардын жүжигчин Л.Жамсранжав, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, З.Цэндээхүү, Т.Хандсүрэн, Б.Лоовой, Д.Дамдинсүрэн, Улсын гавьяат жүжигчин Г.Мижиддорж нарын зэрэг алтан үеийн жүжигчид тоглож байжээ. УДЭТ-ын театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулгаар үзэгчдийн хүртээл болж буй энэхүү алдарт жүжгийн гол дүр “Гамлет”-ийг УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ амилуулж буй. Харин түүний дурлалт бүсгүй Офелиягийн дүрд УДЭТ-ын жүжигчин А.Ганчимэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг нар тоглож байна. Хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон “Орших уу, эс орших уу” хэмээх асуултыг тавьсан уг жүжгийн Офелия бүсгүй бол гэнэн цайлган, цэвэр ариун охины дүр. Гэвч нийгэмд оршин байдаг муу муухай, бузар бүхний нөлөөгөөр хөөрхий бүсгүй хэрхэн хохирогч болж байгааг Офелиягийн солиорч байгаа хэсэг тодхон харуулдаг. Тэртээх 33 жилийн өмнө Офелия бүсгүй дүрийг тус театрын дэд захирал, Ардын жүжигчин Н.Сувд амилуулж байсан гэдэг. Харин УДЭТ-ын тайзнаа дахин тоглогдож буй “Гамлет” жүжгийн Офелиягийн дүрд сонгогдсон УДЭТ-ын жүжигчин А.Ганчимэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг нар өөр өөрийн дүр төрхөөр дүрээ амилуулсан нь үзэгчдийн таашаалд нийцэж байгаа аж.











СЭТГЭГДЭЛ БИЧИХ