
“Өнө Мөнх” орон, “Цагийн аяс” гээд хөгжмийн томоохон бүтээлүүдийг дуу болгон дөрвөн хоолойгоор дуулж уран бүтээлээ эхлүүлсэн “Увертюра” хамтлагийг Монгол Улсын Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам эх барьж авсан гэдгийг хөгжим сонирхогчид мэддэг болоод байгаа.
Хөгжим бүжгийн сургуулийг дуулаачаар төгссөн залуу гишүүдтэй тус хамтлаг зөвхөн дууны биш мюзиклын төрөлд ч хүч сорино хэмээн олон нийтэд зарлаж байсан. Тэднийг 4 их түүхт ой давхацсан энэ жилийн улсын баяраар 1000 цэрэгтэй дуулж наадам нээснийг харсан үзэгчид ихээхэн ам сайтай байгаа юм.
Гэтэл саяхан рок попынхны нүдийг бүлтийлгэсэн нэг зүйл боллоо. Учир нь 8 дахь жилдээ уламжлал болгон зохиогдож байгаа Music Video Awards наадмаас тэдний төрөл жанрын хамтлаг хэзээ ч шагнал хүртэж байгаагүй юм. Монгол поп опера буюу мэргэжлийн дууны Ньюанс, Классик Жем гээд олон хамтлагууд байсан ч тэдний стиль жанр рок попынхноос тэс өөр. Бараг л мэргэжлийн нийтийн дуу гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй. Шилдэг дебют хамтлагийн шагналыг “Цагийн аяс” дуугаар хүртсэн тус хамтлагийнханыг гайхсан хүмүүс олон байсан юм.
Тэр дундаа рок попынхон. Гэвч “Илүү сартай зун” киноны “Цагийн аяс” хөгжмийн бүтээл нь өөрөө мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн хүмүүний сэтгэлийн утсыг хөндөхүйц томоохон бүтээл бөгөөд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Д.Сосорбарам энэ аялгуунд өөрөө үг бичиж мэргэжлийн монгол поп опера ”Увертюра” хамтлагийг сонгож дуулуулан клипийг нь өвөрмөц байдлаар хийсэн нь зүгээр нэг уран бүтээл байгаагүйг энэхүү шагнал илүү бататгав.
Магтаал шагнал уран бүтээлч хүнд дараагийн уран бүтээлээ хийх эрч хүчийг бэлэглэдэг болохоор “Увертюра” хамтлагийн залуус ч дахин шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ. Тэд яг одоо УДЭТ-т тоглогдож буй Хүн гүрний их түүхийг харуулсан “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийн дуун дээр ажиллаж тун завгүй байгаа гэнэ.
Цагийн аяс бүтээлийг шууд үзэх. http://www.youtube.com/watch?v=zZMg-3-5q9I&feature=related
СЭТГЭГДЭЛ БИЧИХ