
Сүхбаатарын талбайд “Гэр хорооллын дахин төлөвлөлт ба тохилог амины орон сууц” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй уг үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа аж. Тус үзэсгэлэнд “Ногоон газар”, “Люксвүүд хаус”, “Экологийн дулаан хаус”, “Эс Ай Пи Эс Монголия”, “Изо хаус”, “Монгейт” зэрэг компаниуд америк, канад загварын сүүлийн үеийн технологийн амины орон сууцуудыг иргэдэд танилцуулж байна.
Эдгээр орон сууцуудыг 7-30 хоногийн дотор ашиглалтад оруулж, халаалт дулаан, сантехникийн асуудлыг захиалагчийн хүсэлтээр шийдвэрлэх боломжтой гэнэ. Тодруулбал, нарны эрчим хүчээр халаалт дулаан, цахилгааны асуудлаа шийдвэрлэх боломжтой халаалтийн систем, шалнаасаа халдаг болон цахилгаан ханын халаагуур зэрэг нүүрс түлж, агаар бохирдуулахгүй технологи ашигласан орон сууцнуулыг иргэдэд санал болгож байна. Хамгийн гол нь байгальд ээлтэй технологиор дулаан хадгалах чадвар сайтай орон сууц барихыг чухалчилсан аж.
Үзэсгэлэнг зорьж очсон иргэдийн зүгээс орон сууцны үнэ хэтэрхий өсч буй энэ үед амины сууц сонгох нь тав тухтай амьдрал, хөрөнгө санхүүгийн хувьд хэмнэлттэй сонголт хэмээн үзэж байна. Учир нь үнийн хувьд дунджаар 1 мкв нь 250-650 мянган төгрөг буюу 9-50 сая төгрөгөөр хүссэн амины орон сууцандаа тав тухтай амьдрах боломжтой болжээ.
Одоогоор эдгээр амины орон сууцыг иргэд лизенг, зээлээр хэрхэн авах асуудал нь хараахан шийдээгүй байгаа гэнэ. Зээлээр худалдан авах асуудлыг зөв шийдэж чадвал иргэд зөвхөн газраа л бэлдсэн байхад орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тохилог сууцтай болох боломжтой болжээ.












П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ