
НИТХ-ын өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдрийн 4/14 тоот Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тогтоолд “ Нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, таксины тоог нэмэгдүүлэх, хурдавчилсан буюу буухиа автобусны үйлчилгээг нэвтрүүлэх арга хэмжээ авах тухай ” заасны дагуу тус газраас “хурдавчилсан” буюу “буухиа” үйлчилгээг шинээр гаргахаар төлөвлөж байна.
Зорчигч урсгалын байдал, иргэдийн эрэлт хэрэгцээнд үндэслэн хотын баруун захаас зүүн чиглэлд, хойноос урагш тууш чиглэлүүдэд буюу “7 буудал-Нисэх онгоцны буудал” /42км/, “5 шар-Ботаник “ /26.5 км/ чиглэлүүдэд тус үйлчилгээг явуулахаар төлөвлөж байна. Үйлчилгээний зохион байгуулалт нь “ Хурдан шуурхай” тохилог найдвартай байх бөгөөд буудал хоорондын зай нь хамгийн багадаа 1.5 км-2 км байх юм.
Тус үйлчилгээнд үйлчлэх автобус нь жирийн автобуснаас илүү тохилог,тав тухтай, суудлын тоо олон байхаас гадна хяналтын камер, мэдээллийн дэлгэц, зорчигчыг тоолох автомат системтэй, Wifi –интернет холболт зэрэг нэмэлт тоноглолтой байхаар төлөвлөж байна. “Хурдавчилсан” буюу “буухиа” үйлчилгээг нэвтрүүлснээр Энхтайвны өргөн чөлөөнд нийтийн тээврийн дундаж хурд хоёр дахин буюу
25-30 км/цаг болж нэмэгдэх боломжтой. Ингэснээр зорчигч “5 шараас Сүхбаатарын талбай” хүрэхэд 15-20 минут зарцуулах, “5 шараас Офицеруудын ордон” хүрэхэд нийт 30-35 минут зарцуулахаар тооцоолол бий.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ