
Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хийж, тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2012 оны төсвийн төслийн танилцуулгыг сонсов.
Энэ үеэр гишүүн Р.Раш МҮОНРТ-д улсаас үзүүлдэг санхүүгийн дэмжлэг хүрэлцэхгүй байгааг анхаарч урсгал зардалд зориулан 1.3 тэрбум төгрөгийг нэмж тусгах санал гаргав. Мөн гишүүн Э.Бат-Үүл, МҮОНРТ-ийн хараат бус байдлыг хангахад анхаарах нь зүйтэй юм. МҮОНРТ-д хуулийн хэрэгжилтийг шалгах ёстой, олон нийт ч ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ төсвөө үр ашиггүй зүйлд хамаагүй зарж байхын оронд үндэсний телевиздээ техникийн шинэчлэл хийх цаг болсон гээд хөрөнгө оруулалтад 7.3 тэрбум төгрөг нэмж тусгах санал гаргав. Гишүүн Г.Баярсайхан, Д.Лүндээжанцан нар энэ саналыг дэмжиж байлаа.
Харин Сангийн сайд С.Баярцогт, төсөв боловсруулж байхдаа төсвийн бүх захирагч нартай уулзаж ярилцахад МҮОНРТ-ээс энэ тухай санал гараагүй. Сангийн яаманд саналаа тавиагүй байж мэргэжлийн байгууллагыг алгасан УИХ-д шууд ханддаг зохисгүй байдлыг болих хэрэгтэй. Нэг байгууллагын төсвийг найм есөн тэрбумаар нэмээд байвал энэ төсөв чинь яах болж байна аа. Ер нь зарчмаараа явах нь зүйтэй юм гэлээ.
Мөн гишүүн Су.Батболд МҮОНРТ улсаас маш их мөнгө авч байгаа атлаа ямар ч шинэчлэл хийгдэхгүй байна. Маш их зар реклам гаргадаг, сүүлдээ бүр мэдээнийхээ дундуур реклам гаргадаг болсон. Ер нь энэ байгууллагад хуулийн хэрэгжилтийг шалгах нь зүйтэй. Цөөн хэдэн хүнтэй хувийн телевиз 24 цагийн нэвтрүүлэг явуулж байхад энэ олон зуун хүнтэй газар хүнээ цөөлөөд дорвитой ажиллах боломжтой. Мөнгө ууж, олон хүн цалинжуулдаг байдал байж болохгүй гэдгээ хэлэв. Ингээд дээрх гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжлээ. Энэ саналыг Төсвийн байнгын хороо эцэслэн шийдэх юм. Мөн гишүүн Х.Баттулга Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Засаг даргын Тамгын газрын барилгын урсгал зардалд 90 сая төгрөг нэмж тусгах санал гаргахад Сангийн сайд С.Баярцогт энэ саналыг хураалгах шаардлагагүй, тусад нь шийдэх боломжтой гэсэн тул сайд саналаа татаж авсан юм. Ингээд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжиж, Төсвийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр болов.
Дараа нь "Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн
/Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж Сангийн сайдын танилцуулгыг сонсов. Засгийн газар 2012 оны төсвийн тухай хуулийг боловсруулахдаа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Ингэхдээ хоёр үе шаттай арга хэмжээ авч эхний удаад бүх цалинг 80 мянган төгрөгөөр, дараа нь 23 хувиар нэмэхээр төлөвлөсөнтэй уялдуулж ийм тогтоолын төсөл оруулж буйг хэллээ. Энэ үеэр гишүүн Су.Батболд, энэ бол УИХ-д оруулж ирэх шаардлагагүй төсөл. Төрийн бүх шатны албан хаагчдын цалинг яамны Төрийн нарийн бичгийн даргын цалинтэй уялдуулж өсгөж байх итгэлцүүрийг УИХ-ын тогтоолоор тогтоогоод өгчихсөн тул Засгийн газар төслөө татаад авчих нь зүйтэй гэсэн санал гаргав. Сангийн сайд ч тогтоолын төслийг энэ удаа ярихгүйгээр хойшлуулах санал гаргаснаар дараагийн асуудал болох “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” УИХ-ын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.
УИХ энэ оны зургадугаар сарын 9-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллагыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар зохицуулсны дагуу Засгийн газраас энэ тогтоолын төслийг боловсруулжээ. Энэ газар нь Худалдан авах ажиллагааны мэргэжлийн газар гэсэн нэртэй байхаар төсөлд тусгасан байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүн Д.Энхбат тендерт ялж өөрийнхөө хувийг аваад бусад газарт эрхээ шилжүүлчихдэг мэргэшсэн компани олон болсон, үүнийг яаж арилгах гэж байгааг тодруулахад Сангийн сайд С.Баярцогт, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ийм асуудлыг хааж өгсөн. Гэрээгээр авсан үүргээ бусдад шилжүүлэхийг энэ хуулиар хориглосон, хэрэв ийм байдал гаргасан бол тухайн компани дараагийн тендерт оролцох эрхгүй болох юм гэсэн хариулт өгөв. Байнгын хорооны гишүүд тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ