Монголоороо бахархаж, сонгуулийн сурталчилгаанд дарагдсан өдрүүүд

img

Манай сайтын зүгээс долоо хоног бүрийн даваа гаригт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг уншигчдадаа эргэн сануулдаг билээ.

Эзэн Чингисийн 850 жилийн ойг тэмдэглэв

УИХ-аас энэ сарын 07-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тиймээс жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр хэмээн зарлаж, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж байхаар хуульчилсан.

Энэ жил Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг арваннэгдүгээр сарын 14-ний өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт улс орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр Төрийн ордонд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүндэтгэлийн хурал болж, ойд зориулан “Тэмүүжин-850” марк хэвлэгдэж, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд их хааны хөргийг залж, “Чингис хааны өв” хэмээх XIII, XIV зууны үеийн амьдрал, үзэл санааг харуулсан зураг, хувцас, эдлэл хэрэгсэл зэрэг 400 гаруй үзмэртэй үзэсгэлэн нээгдсэн юм.

Мөн хүчит бөхийн барилдаан болж, шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарласан. Улмаар төрийн гурван өндөрлөг хийгээд олон зуун иргэн Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж монголчууд маань Монголоороо бахархаж, эзэн Чингисийнхээ 850 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн нь өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал байлаа.

Иргэдийн эрх ашигт нийцсэн хууль хэрэгжиж эхэллээ

Тэтгэвэр тогтоолгох нас нь хэдийнэ болсон ч нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй гэдэг шалтгаанаар олон хүн тэтгэвэр тэтгэмжээ авч чаддаггүй. Тэгвэл УИХ-ын өнгөрсөн есдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль өнгөрсөн пүрэв гаригаас хэрэгжиж эхэллээ.

Энэ хуулийн дагуу 1990-2000 оны нийгмийн шилжилтийн жилүүдэд ажилласан жил нь тасарсан, нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжтой болсон юм.

Судалгаагаар 1990-1995 онд гурван зуун мянга орчим хүн ажилгүй болсон бол 1995-2000 онд долоон зуугаад мянган иргэний нийгмийн даатгалын шимтгэл нь тасарсан байна. Эдгээр иргэд оршин суугаа харьяа газрынхаа Нийгмийн даатгалын байгууллагад хандан хүсэлт гаргана.

Хүсэлтийг 2013 оны наймдугаар сарын 1 хүртэл хүлээн авах бөгөөд тэтгэврийн нэмэгдлийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгоно. Шимтгэлийг нөхөн төлөхдөө тухайн үеийн буюу 1995-2000 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцно.

Мөн нэгдлийн малчин байсан хүмүүс 1990-1995 оны хооронд ажилласан хугацаагаа нөхөн тооцуулах юм. Энэ хууль хэрэгжснээр хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа иргэд бүрэн тэтгэвэр авах, мөн ажилласан жил нэмэгдэх боломжтой болсон билээ.

Япон, БНАСАУ-ын Гадаад хэргийн Яамны зөвлөлдөх уулзалт манай улсад болов

Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд байсан нэг асуудал бол Япон, БНАСАУ-ын Гадаад хэргийн Яамны зөвлөлдөх уулзалт манай улсад хоёр өдрийн турш болж өнгөрлөө. Тус хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр дөрвөн жил тасалдаж байгаад энэ жилийн наймдугаар сарын 29-31-нд Хятадын нийслэл Бээжин хотноо болсон билээ.

Японы талаас Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн талаар түлхүү ярилцаж, ямар нэг тохиролцоонд хүрнэ гэж найдаж байлаа. Харин Ардчилсан Солонгос хулгайлагдсан иргэдийн асуудлыг аль хэдийнэ шийдсэн гэж үзэж байгаа тул хоёр талын хэлэлцээр үр дүнд хүрсэн эсэх нь тодорхойгүй.

Уулзалтад Японы талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан захирал Сүгияма Шинсүкэ, БНАСАУ-ын талаас Японтой хийх хэлэлцээр хариуцсан элчин сайд Сон Ил Хо нар төлөөлөгчдөө тэргүүлэн оролцсон.

Их тэнгэрт болсон энэхүү хурлын талаархи мэдээллийг Улаанбаатар хот дахь Японы Элчин сайдын яаманд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн ч хоёр талын уулзалтаар хөндөгдсөн асуудлын агуулгыг ярих боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн төлөвлөгдөөгүй асуудал хурал дундаас нь их гарч ирсэн гэдгийг хэлж байсан юм.

Бас нэгэн тэмцэл

Монголчууд цаанаасаа нэг тэмцэгч шинж чанартай гэлтэй. Долоо хоног бүр л ямар нэг сэдэв олж байгааг тэмцэж чаддаг хүмүүс. Өнгөрсөн долоо хоногт мөн л хэсэг хүмүүс тэмцсэн нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг шүүх, прокурорын байр болгох шийдвэрийг салбарын сайд Х.Тэмүүжин гаргасан цагаас эхлэн энэ сэдвийг тойрсон маргаанаар үргэлжилсэн юм.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг цагдаа, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, дотоодын цэргийнхэнд үйлчилдэг. Энэ эмнэлэг 20 гаруй мянган хүнд үйлчлэх зориулалттай. Гэтэл Х.Тэмүүжин сайд ийм шийдвэр гаргасанд тус эмнэлгийн эмч, албан хаагчид эсэргүүцэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт “Эмнэлэг үү, Оффис уу?”сэдэвт хэвлэлийн бага хурал зохион байгуулсан.

Тус эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашигласанаар улсын төсвийн мөнгө хэмнэгдэхээс гадна төрийн албан хаагч, ард иргэд хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг авах боломжоор хангагдана гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байв.

Мөн УИХ-ын чуулган эхлэх өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Засгийн газарт хандан шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Сонгуулийн сурталчилгаа дээд цэгтээ хүрэв

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөсөн өдрүүд өнгөрсөн долоо хоногт өнгөрлөө. Сонгуульд оролцож байгаа нам хүчнүүд тэр дундаа томоохон намууд нэг нэгнийгээ дайрч давшлах, өөрсдийгөө магтан дөвийлгөх сурталчилгаа газар авав.

Уг орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнөхөн МАН, МАХН, АН хамтрсан мэдэгдэл гаргаж, нэг нэгнийгээ дайрч давшлахгүй, шударгаар өрсөлдөнө гэдгээ хэлж байсан ч энэ нь талаар өнгөрөв. МАХН-ын хувьд УИХ-ын сонгуульд эвсэл болон оролцсон МҮАН-аа орхиж, сонгуулийнхаа сурталчилгааг өлсгөлөнгөөр эхлүүлсэн бөгөөд энэ “арга хэмжээ” өнгөрсөн долоо хоногт ч үргэлжлэв.

Харни МАН-ын гишүүдийн залуусийн төлөөлөл АН-ын залуу төлөөллийг халз мэтгэлцээнд дуудаж, тус намынхыг төрөл төрөгсдөөрөө сонгуульд нэр дэвшиж байна хэмээн шүүмжилсэн юм. Хариуд нь АН-ын зүгээс мэдэгдэл гаргаж, төрөд садангаараа бус хуулийн хүрээнд хүмүүсээ нэр дэвшүүлж байхад гүтгэж байна хэмээсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд байсан нэг асуудал нь Оюутолгойн асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нарын халз мэтгэлцээн байлаа. Гэтэл ням гаригт болох байсан мэтгэлцээн Орон нутгийн сонгуульд нөлөөлнө гэдэг шалтгаанаар энэ долоо хоногийн баасан гариг хүртэл хойшилсон юм.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны сүрэнд дарагдсан энэхүү мэтгэлцээнийг товлосон хугацаандаа хиймээр байгаагаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн үр дүнд хүрээгүй билээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
Хэхэ юүн бахархах байх вээ дээ Монгол гэж Гадны үүр уурхай болоод байхад бахархаад байх юү байнаа Улс төрч бизнэсмэнүүд бүгд гадны хөл гар Залуусыхан зовхи бууцан нэгэл гунигтай Тэр том уурхайд дан гадных очиж ажилий гэвэл ар.тал сайн байх хэрэгтэй Хаана хөгжингүй үсрэлт тэр хаана байгаан
2013-05-07