БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын даргын айлчлал эхэллээ

img

БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга ноён Чой Тэ Бок тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр манай улсад хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийг УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол- БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга С.Баярцогт, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа болон албаны бусад хүмүүс угтан авсан юм. БНАСАУ-ын Ардын дээд Хурлын дарга ноён Чой Тэ Бок УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг угтан авч буйд талархалаа илэрхийлээд, “Манай хоёр улс эртнээс найрсаг харилцаатай байсан. Хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байдаг. Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотноо БНАСАУ, Япон Улсын хэлэлцээр болсон нь гурван улс хоорондоо хэр найрсаг харилцаатай байгааг илтгэж байна” хэмээн онцоллоо. Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга ноён Чой Тэ Бок Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийнэ. Мөн зарим салбарын сайдууд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бокт бараалхах юм. Түүнчлэн төлөөлөгчид Дархан-Уул аймагт зочилж, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Их сургуулийн Мэдээллийн технологийн сургууль, Улсын Төв номын сан зэрэг газруудтай танилцана. Түүний айлчлал энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ