Египетэд зам тээврийн осолд амь үрэгдэгсэд хүүхдүүд байжээ

img

Египет улсад хүүхдүүд сууж явсан автобусыг галт  тэрэг дайрсны улмаас амь үрэгдсэн хүний тоо 50-д хүрчээ.  Ройтерс агентлаг  эндхийн олон нийтийн мэдлээллийн хэрэгслүүдийн бичсэнийг болон эрх баригчдын төлөөлөгчдийн хэлснийг  иш татахдаа, амь үрэгдэгсдээс 48 нь 4-8 хүртэл насны хүүхдүүд байсныг уламжилж байна. Түүнчлэн жолооч болон нэг эмэгтэй энэхүү аймшигт  ослын золиос болжээ. Эмнэлгийн бүлгийнхний учрыг мэдэх нэг хүний хэлснээр, 28 хүн бэртэж гэмтсэний 27 нь бас хүүхдүүд байна. Гармыг хариуцдаг төмөр замын ажилтан ажил дээрээ зүүрмэглэснээс осол болсон гэж Асьют мужийн захирагч Йехич Кешк  улсын телевизээр мэдээлжээ.  Тиймээс гармын  хөндлөвч хаалт нээлттэй байж, хүүхдүүдийн сууж явсан автобус  төмөр замын далан дээгүүр давж гарсан байна. Зүүрмэглэсэн ажилтныг баривчилжээ. Мөргүүлсэн автобус дундуураа хуваагдсан байна. Зүтгүүрийн хөдөлгүүрийн урд хэсэг тэр чигээрээ цусанд будагджээ.  Сурагчдын цус болсон  цүнх, дэвтэр, сурах бичгүүд талаар нэг тарсныг Ройтер агентлагийн сурвалжлагч тэмдэглэсэн байна. Египетийн Тээврийн сайд болон  төмөр замын тэргүүн огцорчээ. Гэм буруутай хүмүүсийг хариуцлагад татна гэж тус орны ерөнхийлөгч Мохамед Мурси мэдэгдсэн байна. Египетийн мэдээллийн Ahram Online сайтын мэдээлснээр, төрийн байгууллагууд эмгэнэлт хэрэг явдал болсонтой холбогдуулан нөхөн төлбөр олгох тухай одоогоор зарлаагүй байна.   Арабын  эмч нарын холбоо амь үрэгдэгсдийн гэр бүлд 10 мянган египет фунт (1 мянга 634 ам. доллар) өгнө гэж тус холбооны дээд тушаалын ажилтан Ибрахим аз-Зафрани  зарлажээ.  Харин шархдагсдын гэр бүл тус бүр 5 мянган египет фунт авах ажээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ