АНУ задрах уу
Өнгөрөгч долоо хоногт дэлхий дахинаа
Өнгөрсөн долоо хоногийн турш дэлхий дахины анхаарлын төвд байсан гол гол үйл явдлын тоймоос хүргэж байна. Эдгээрт европын орнуудын эдийн засгийн таагүй үзүүлэлт хийгээд хямарлын талаархи асуудлууд, манай орны өмнөд хөршийн шинэ удирдагч томилогдон улс орныхоо дотоод шинэчлэлийг хэрхэн явуулахаар улс төрийн товчооны хурлаа хийсэн тухай өгүүлнэ. Түүнчлэн Ойрхи Дорнодод өрнөөд буй Израиль Газын зурвасын асуудал нэлээд анхаарал татсан үйл явдал болон өнгөрлөө.Евро бүс хямарч байна
Евро бүсийн орнууд эргэн 2009 оны эдийн засгийн уналтын байдалд орох хэмжээнд хүрээд байгаа талаар Герман болон Францын эдийн засагчид мэдээллэсэн юм. Энэ оны сүүлийн буюу гуравдугаар хагаст европын орнуудын эдийн засгийн байдал эрс доройтсон.
Европын холбооны 19 улсаас Герман, Франц хоёр л эдийн засгаа тогтоон барьж чадсан бол бусад 17 улс ямар нэг хэмжээгээр эдийн засгийн уналт доройтолд өртөж хүндхэн нөхцөл байдалд ороод байгаа. Нэн ялангуяа Испани, Итали, Нидерландын эдийн засаг, иргэдийн амьжиргаа эрс муудсан үзүүлэлт гарч байгаа.
Дэлхийн эдийн засгийн тоймчдын гаргасан судалгаагаар евро бүсийн орнуудын эдийн засаг эхний хагаст 0.1 хувь, хоёрдугаар хагаст 0.2 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан нь энэ хугацаанд нийтдээ 9.4 триллион еврогийн алдагдалд хүргэж орхисон юм. Эдийн засгийн хямралын хүндхэн хэсэг Испани, Грекийн ард түмний нуруун дээр илүүтэй тусч байгаа.
Одоогийн эдийн засгийн хүндхэн байдлаас үүдэн европын орнуудад засгийн газрын эсрэг жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөнүүд гарсаар байна. Испанид гэхэд олон мянган иргэд ажилгүй болж, орлогын эх үүсвэргүй болсноор амиа хорлох үзэгдэл ч ихсээд буй. Нэгэнт орлогын эх үүсвэргүй болсон иргэд байрны зээлээ төлж чадахгүйд хүрч, байрнаасаа хөөгдөхөд хүрээд байна. Гэвч энэ нөхцөл байдлыг таслан зогсоож ажилгүй байгаа иргэдээс өр зээл нэхэн орон байрыг нь хураахыг ойрын хоёр жилдээ хориглосон шийдвэрийг засгийн газраас нь мэдэгдээд байгаа юм. Гэхдээ үүнд бүгд хамрагдахгүй бөгөөд зөвхөн сард 1597 еврогоос бага орлоготой гэр бүл, мөн 2-3 хүүхэдтэй айл болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд, дээр нь гурван нас хүрээгүй хүүхэдтэй хүмүүс багтах ажээ. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй буюу өвчтэй эцэг, эхийгээ асрагчид бас энэ хязгаарлалтад хамрагдах юм байна.
Их гүрний шинэ удирдагч
Өнгөрсөн долоо хоногт манай улсын өмнөд хөрш ирэх арван жилд улс эх орноо удирдах удирдагчаа Ши Жинпинийг албан ёсоор сонгосон. Намын их хурлаа хийсний дараагаар улс төрийн товчооны хурлаа зохион байгуулж намын дотоод шинэчлэл удирдах албан тушаалтнуудыг шинээр томилсон билээ.
БНХАУ-ыг түрүүчийн арван жилд удирдасан Ху Жинтао намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа дэд еөрнхийлөгч Ши Жинпинд шилжүүлж байгаа. Тэрээр ийнхүү ирэх аван жил эл их гүрний тав дахь их удирдагчаар ажиллар нь тодорхой болоод байна. Түүнийг ирэх оны гуравдугаар сард болох БНХАУ-ын парламентын их хурлаар Хятадын даргаар батламжлах юм. Хуучин шинэ хоёр удирдагчийн аль аль нь улс оронд нүүрлээд байгаа нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих асуудлуудад гарц хайж хурдан хугацаанд асуудлыг шийдвэрлэхээр ажиллах болсон юм. Түүнчлэн өмнөх удирдагч Ху Жинтаогийн үед ч байсаар ирсэн авилга, хээл хахуулийн асуудалтай шуурхайлан тэмцэнэ гэдгийг улс төрийн товчооны хурлын үеэр тодорхой дурдсан юм.
Шинэ удирдагчийн хувьд Америк улстай нэлээд сайн харилцаатай учир хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд сайн нөлөөтэй гэж шинжээчид тайлбарлаж байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн эдийн засагт ч хүчтэй нөлөө явагдах юм. Нэгэн зэрэг хоёр ч их гүрний удирдагч тодорч байгаа нь бидний амьдралд ихээхэн нөлөө үзүүлнэ гэдгийг томоохон улс төр судлаачид болоод эдийн засагчид хэлж байна.
АНУ-ын зарим мужууд салан тусгаарлана гэв
АНУ-ын Цагаан ордонд 47 мужийн иргэд салан тусгаарлах хүсэлтэй байгаагаа албан бичгээр хүргүүлсэн. Вашингтон, Вермонт болон Мейнээс бусад мужуудаас ийм хүсэлт ирсэн байна. Шалтгаан нь тус улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль аж. Хамгийн анх Луизана мужийн Слайдел хотын иргэд салан тусгаарлах хүсэлтэй байгаа талаар хүсэлт гаргаж, улмаар 30 гаруй мянган иргэний гарын үсгийг цуглуулж чадсан байна. Үүний дараа Техас мужийн иргэд гарын үсэг цуглуулж 80 гаруй мянгад хүрчээ. Харин Ерөнхийлөгч Барак Обама иргэдийн хүсэлтэд хариу өгөөгүй хэвээр байгаа бөгөөд энэ талаар Конгресст авч хэлэлцэх талаар яриа өрнөсөн юм. Конгрессийн гишүүн асан Арон Хэйпбурн “АНУ-д урьд өмнө нь ийм зүйл болж байгаагүй. Иргэдийн нэгдмэл байдал хаашаа алга болсныг үнэхээр ойлгохгүй байна. Эрх чөлөөт, ардчилсан нийгэм биднийг хаашаа хөтлөөд байгааг одоо л харж байна” хэмээн ярьжээ.
Цагаан ордны “We the People” цахим хуудаснаа салан тусгаарлагчдын тоо 120 мянга хол давж байгаа талаар “CNN” агентлаг мэдэгдсэн. Иргэдийн салан тусгаарлах хүсэлтэд хамгийн их нөлөөлсөн зүйл бол Барак Обамагийн бодлого. Мужуудын амбан захирагчдын онцлож буйгаар “Салан тусгаарлах хүсэлт тавьсан иргэдийн 70 гаруй хувь нь Митт Ромнигийн төлөө саналаа өгсөн болохыг тусгай төлөөлөгчдөөс тодруулсан” юм. Салан тусгаарлах хөдөлгөөнийг хамгийн идэвхтэй өрнүүлж байгаа мужуудад Флорида, Алабама, Нью-Жерси, Техас, Жоржи, Хойд болон Өмнөд Каролин болон Нью-Йорк мужууд ороод байна.
Израиль олон улсаас шүүмж сонсов
Өнгөрсөн долоо хоногийн дундуур Израиль руу Газаас агаарын дайралт хийсэн нь хоёр орны харилцааг улам ч таагүй болгох нөхцлийг бүрдүүлсэн. Үүний дагуу Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху өөрийн орны цэргийн хүчийг зузаатган Палестины ислам шашинт хэт даврагсдын Хамас бүлэглэлтэй Газын зурваст тулалдахад бэлэн гэдгийг мэдэгдэж дараагаар нь Газын зурваст үүсээд буй таагүй нөхцөл байдлын талаар ярилцахаар очсон билээ.
Харин түүний хийсэн айлчлалын үеэр исламын шашинт бусад орнууд Израиль улсыг агаарын довтолгооноо зогсоож энх тайвныг эрхэмлэхийг уриалан гудамж талбайд жагсаал болсон. Харин тэрээр энэ тухайд шийдтэй хариу өгөөгүй бөгөөд Газаас Израиль руу пуужин харваж байгааг зогсоохыг сануулсан юм. Зөвхөн Газын иргэдээс гадна олон улс Израилыг галаа зогсоох хэрэгтэй хэмээн шүүмжлээд байгаа билээ.
Түрүүчийн долоо хоногт Израильд болсон бөмбөгдөлтийн үеэр Хамас бүлэглэлийн толгойлогчдын нэг Халил аль-Жабариг амь үрэгдсэн болохыг хэлсэн юм. Халил аль-Жабари 46 настай өмнө нь Израиль руу хэд хэдэн удаагийн дайралтыг толгойлон үйлдэж байсан.
Израильд болсон агаарын мөргөлдөөний үеэр тэрээр машин дотроо халдлагад өртөн нас барсан аж. Энэхүү халдлагыг Газаас Израиль руу хийсэн юм. Харин Халил аль-Жабарын амь насыг хөнөөсөн явдалд алан хядах бүлэглэл өшөө авч Тель-Авив руу дайралт хийнэ хэмээн сүрдүүлээд байгаа.
Египетэд аймшигт осол гарав
Египетийн өмнөд хэсэгт бага сургуулийн сурагчдыг тээвэрлэж явсан автобус осолдож, 22 хүүхэд газар дээрээ амиа алджээ. Цагдаа нарын мэдээлснээр осол Асьют мужийн Манфлют дүүрэгт гарсан бөгөөд автобусанд 4-6 насны 50 хүүхэд зорчиж явсан байна.
Энэ үеэр нэрээ нууцлахыг хүссэн аюулгүй албаны ажилтан Асьют мужийн төмөр зам болоод авто зам хоёрын огтолцсон хэсэгт осол гарсан хэмээн мэдэгдсэн бөгөөд төмөр замын аюулгүй байдлыг хангах менежмент маш муу байгааг шүүмжилсэн аж. Гэрчүүдийн мэдээлж буйгаар төмөр замын гарцын сумчин унтахаар явсантай холбоотойгоор осол гарсан аж. Гэвч орон нутгийн эрх баригчид уг ослын талаар олон нийтэд мэдээлэл тараахгүй байхыг холбогдох албаныханд үүрэгдсэн байна.
Энэхүү аймшигт осол нь Египетийн авто зам хөгжсөнөөс хойш гарсан хамгийн дуулиант хэрэг болоод байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ