
Одоогоос 100 жилийн өмнө буюу 1912 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Богд хааны гарын үсэгтэй нэгэн бичиг их Наран улсыг чиглэн замдаа гарсан ч ороо бусгаа цагийн эрхээр Шанхайд очоод гацчихжээ.
Хэдийгээр 200 гаруй жил ноёрхсон Манжийн дарангуйллаас Монгол Улс салж тусгаар тогтнолоо зарласан ч Хятадын хараа хяналт дор байсан 100 жилийн өмнөх тэр өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж найрсаг харилцаа тогтоохоор Богд хаан мутраа хайрлаж тэр бичгийг Жибэн улсад илгээсэж байсан нь үнэхээр гайхалтай.
Гайхалтай төдийгүй энэ бол түүхэн үнэн.
Тухайн үед хүрэх газартаа очиж амжаагүй төрийн бичгийг 2010 онд, XXI зуунд, тусгаар тогтносон, НҮБ-ын гишүүн ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы парламентад авч очсон юм.
Гэхдээ бүр 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын төсвөө халуухан хэлэлцэж байсан Японы парламентыг завсарлага авахуулан байж хурлын дарга Нишиока Такэод гүн хүндэтгэлтэйгээр гардуулж өгсөн түүхтэй. 2005 оноос хойш гадны ямар ч хүнээр үг хэлүүлээгүй Японы парламент дээд, доод танхимтайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгийг алга ташин сонссон бөлгөө.
Энэхүү түүхэн үйл явдал өрнөсөн 1912 оны XI сарын 18, 2010 оны XI сарын 18-ны өдрийн ой өчигдөр тохиожээ.
Эх сурвалж: "ТВ7" сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ