
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг хүү Б.Чулуудайгийнхаа компаниар Туул голын хөвөөнд хотхон бариулж байгаа гэж НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн юм. Тэрээр хэлэхдээ “Сүүлийн үед миний аавын нэр хүнд рүү доромжлон дайрсан мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа. Энэ нь МАН-ны сонгуулийн сурталчилгаа. Д.Амарбаясгалангийн хэлээд байгаа "Эрдэнэний төгөл" гэж нэрлэгдээд байгаа хотхон бол "Сонор рекортс" компанийн бүтээн байгуулалт юм. Тус 1 га газрыг эзэмших хүсэлтээ анх би 1998 онд тухайн үеийн хотын захиргаанд тавьж байсан. Хүсэлт маань буцаагдсаар 2007 онд газар эзэмших эрхээ авсан.
Анх барилгын хог хаягдал болсон газар байсан. Тухайн үеийн нийслэлийн засаг дарга Ц.Батбаярын гарын үсэгтэй тус газрыг эзэмших зөвшөөрлөө авсан. "Эрдэнийн төгөл" төслийнхөө дагуу бид дуу бичлэгийн студи, кино телевизийн студи, бүжгийн студи зэрэг зүйлийг барьж байна. Энэ төслүүдийг анхнаасаа нууж байгаагүй. Төсөл маань одоогоор амжилттай хэрэгжээд явж байгаа. Хэвлэл мэдээллээр дайрч байгаа энэ зүйлийг би хувьдаа буруушааж байна. Ямар нэгэн байдлаар миний хийж байгаа ажил аавтай маань холбоогүй.
Энэ бол 100 хувь манай компанийн хийж байгаа үйл ажиллагаа юм. "Сонор рекортс" компани 1996 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дуу бичлэг, шоу бизнесийн, чиглэлээр ажиллаж ирсэн. Ер нь би цаашдаа хийж байгаа ажлаа ил тод байлгана. Би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандах болно. Хэвлэлээр дайрч доромжилж байхын оронд холбогдох байгууллагад нь хандан хууль дүрмийн дагуу шалгуулах хэрэгтэй. Би энэ газрыг авахдаа ямар ч хууль дүрэм зөрчөөгүй гэж хэлмээр байна. Орон сууц, соёлын төв гэсэн зориулалттайгаар баригдаж байгаа. Тус газрыг 10 жилээр эзэмших эрхтэй байгаа" гэсэн юм.
Т.Хулан
Төлбөртэй нийтлэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ