74 мянган саналын хуудсыг дахин хэвлүүлжээ

img

Орон нутгийн сонгууль нөгөөдөр болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээгээр орон нутгийн сонгуульд 1.862.000 /нэг сая найман зуун жаран хоёр мянга гаруй/ иргэн санал өгнө. 2500 санал авах тоолох машин, сонгогчийн цахим үнэмлэхийг бүртгэх 2900-гаад техник хэрэгсэл бэлэн болсон байна. Үндсэндээ сонгуулийн бэлтгэл 100 хувь хангагдсан хэмээн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлсэн. Тэрээр "Орон нутгийн сонгуульд саналын хуудастай холбоотой зөрчил дутагдал их гарсан. Хуулиараа саналын хуудсыг хэвлэх ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хороо хариуцдаг. Харин зарим аймаг, дүүргийн хороод үүнд хариуцлагагүй хандсан. Таван мандаттай байхад дөрөв гэж бичих, долоон мандаттайг зургаа гэж бичих, эцгийнх нь нэрийг өөрийнх нь нэртэй сольж бичих, бие даагчийг нам руу оруулсан зэрэг алдаа гаргасан байсан. Үүнийг нь тухайн сонгуулийн хорооны дарга хэвлэхийг зөвшөөрөөд хэвлэх үйлдвэрт явуулчихсан байсан. Энэ  алдааг нь Сонгуулийн ерөнхий хорооны шинжээчид илрүүлсэн. Жишээлбэл, Сүхбаатар, Налайх дүүрэг, Баянхонгор, Дорнод, Говьсүмбэр аймгийн сонгуулийн хороод ийм зөрчил гарсан. Бид нийтдээ 74 мянган саналын хуудсыг алдааг нь засч дахин хэвлүүлсэн" гэсэн юм. Мөн өмнөх орон нутгийн сонгуулиар нийслэлд ирц хүрэхгүй тохиолдол гарсан. Энэ удаагийн сонгуулийн ирц хүрэхгүй бол тухайн хэсгийн хороонд дахин санал хураалт явуулна гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн цаг агаарын мэдээнээс үзэхэд сонгуулийн өдөр орон нутагт цас орох төлөвтэй байгаа.УИХ-ын сонгуулийн үеэр зарим сонгогч үерт боогдож байсан. Тэр үед Онцгой байдлын ерөнхий газраас тусгай тээврийн хэрэгсэл ашиглаж, сонгогчдыг зөөж байсан. Үүнтэй адил цасанд боогдсон тохиолдолд тээврийн хэрэгсэл гаргах ажилд төлөвлөгөө гаргаж ажилахыг сонгуулийн хороодод зөвлөжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хариуцлага алдсан хүмүүсэр зардалыг төлүүл, Чадах уу. Үгүй бол өөрсдөө төл. Шудрага ёс гэдэг энэнээс эхлэнэ.
2012-11-19