Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг өргөн барилаа

img

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Засгийн газраас “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, УИХ гишүүн Д.Оюунхорол “Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, Ц.Баярсайхан, Р.Буд, Д.Тэрбишдагва нарын гишүүд “Монгол Улсын статистикийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” /2011-2015/, “ Статистикийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, Э.Бат-Үүл нарын гишүүд “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг  өргөн барилаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хуулиар нээлттэй байгаа ч энэ эрхээ эдлэх нөхцөл, журам нь тодорхойгүй, тунхагийн чанартай байгаагаас хэвлэл мэдээллийн эрх чөлөөний зөв жишиг тогтохгүй байна. Иймээс Монгол улсын Засгийн газраас боловсруулан өргөн барьж байгаа “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль батлагдсанаар иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалж, хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүлзүй хөгжих эрх зүйн орчин бий болно хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа юм байна. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын өргөн барьсан Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар “гэрлэлт, гэр бүлийн харилцаан дахь төрийн оролцоо, эрх хэмжээ, гэр бүлийн харилцаанаас үүсэх эрх үүргийг тусгасан байна. Хуулийн төсөлд “Гэр бүлийн хөгжил, хүүхдийн асуудал эрхэлсэн хэрэгжүүлэгч агентлагтай байх, уг байгууллагын үүрэг функцыг тодорхойлон, уг байгууллага нь гэр бүлийн хөгжил, хүүхдийг дэмжих, чадавхижуулах асуудлаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэгтэй” байхаар тусгажээ. УИХын гишүүн Ц.Баярсайхан Р.Буд нарын өргөн барьж буй Монгол улсын статистикийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн /2011-2015/ төсөл нь зургаан бүлэг бүхий 23 чиглэлийг хамарсан үйл ажиллагаа явуулахаар заасан байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр долоон стратегийн зорилтыг хангаж олон улсын стандартад нийцсэн статистикийн ангилал, аргачлал боловсруулан системийн хэмжээнд нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож үндэсний болон жижиг орон нутгийн хэмжээнд төрөл бүрийн түүвэр судалгаа тооцоолол хийх чадавхтай болох юм байна. Хөтөлбөр хэрэгжих таван жилийн хугацаанд нийт 13,3 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гаржээ. Мөн дээрх гишүүдийн өргөн барьсан “Монгол улсын Статистикийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиар хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг 10 жил тутамд, завсарын тооллогыг 5 жил тутамд, Өрхийн нийгэм эдийн засгийн түүвэр судалгааг улирал тутамд хийж байхаар тусгасан байна. Ингэснээр хөдөө бүтээгдэхүүн, ойн аж ахуй, загас, ан агнуурын тооллогыг хийж байх юм. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас олон улсын хэмжээнд хөдөө аж ахуйн тооллогыг 2012-2013 онд хийх бөгөөд үүнд 100 гаруй улс хамрагдах аж. Өнөөдөр Монгол улс зөвхөн мал тооллогыг тодорхой цаг хугацаанд хийдэг юм байна. УИХ гишүүн Э.Бат-Үүлийн өргөн барьсан “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь зарим агентлагийг бүсчилсэн хөгжлийн төвүүдэд байршуулах тухай юм байна. Ийнхүү Засгийн газрын агентлагуудыг орон нутагт байршуулснаар зөвхөн нийслэлд очиж төрийн үйлчилгээ авдаг чирэгдлийг үгүй болгож, төрийн зарим зардлыг багасгах ач холбогдолтой аж. Төсөл батлагдсанаар агентлагийн байршлыг Засгийн газраас тогтоох бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн үйлчилгээ авахад ойрхон болох, орон нутгийн хөгжилд зохих эерэг нөлөө үзүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ