
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудаж хөнөөсөн Ч.Баттуул гэх 25 настай эмэгтэйн хэргийг Нийслэлийн прокурорын хяналтын прокурор О.Гэрэл хянаад шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Энэ хэрэг мөрдөн байцаалтад удсан билээ. Учир нь, түүний хэрэгт хэд хэдэн зүйлийг шалгах шаардлагатай байсан гэнэ. Юу гэвэл, түүнийг олдмол сэтгэцийн өвчтэй байж магадгүй, мөн өөрөө үйлдээгүй хэргээ бусдын өмнөөс хүлээж байж магадгүй гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад удаан шалгагдсан ч дээрх байдлууд тогтоогдоогүй юм. Хавтаст хэрэгт хяналт тавьж байгаа прокурор 20-25 жилийн хорих ял төлөвлөсөн сурагтай. Үүнийг нь сэжигтний ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Хэргийг нарийн сайтар шалгаж өгөхийг Ч.Баттуулын ар гэрийнхэн нь аминчлан гуйжээ. Яагаад гэвэл охиноо ийм аймшигтай хэрэг үйлдсэн гэдэгт одоо ч итгэж өгөхгүй байгаа аж. Боловсролтой, сэхээтэн гаралтай айл алуурчин хүмүүжүүлж бэлтгэнэ гэдэг хэний ч санаанд багтахгүй нь тодорхой.
Ч.Баттуулын хувьд арван жилийн дунд сургуулиа онц дүнтэй төгсч, Хятадад олон улсын чиглэлээр сургуульд явах эрх авсаны дагуу урагшаа явж сурчээ. Аав Чулуунбаатар нь түүхийн ухааны доктор хүн бол ээж нь насаараа дунд сургуулийн орос хэлний багш хийсэн хүн байдаг аж. Ч.Баттуул дээрээ олон эгч, хоёр ахтай айлын отгон “хэнз” хүүхэд гэнэ. Тайваньд сурч байхдаа өөрийнхөө англи хэлний багш Жон Мартин Кийнтэй дотно танилцсан бөгөөд “Монголд очиж хамтарч бизнес хийе” гэсэн саналыг хэд хэдэн удаа тавьсаны эцэст зөвшөөрүүлсэн байна.
Ингээд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 05-нд Жон Мартин Монголд буусан даруйдаа Ч.Баттуултай уулзсан гэдэг. Тэгээд хоёр хоногийн дараа байрлаж байсан зочид буудлаас нь Ч.Баттуул аваад Монголын нутгийг үзэж сонирхуулья гэж Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдгийн ойролцоо аваачиж, газар үзүүлж байгаа нэрээр өөрт нь бэлэглэсэн спорт маркийн буугаар зургаа удаа буудаж хөнөөсөн гэдгийг шүүх шинжилгээнийхэн тогтоосон. Өөрөө ч буудаж хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Эхэндээ “Би найзуудтайгаа хамт буудсан” гэж цагдаад мэдүүлдэг байсан ч сүүлдээ ”Би ганцаараа хөнөөсөн. Бид хоёр хоёулахнаа явсан юм” гэж гүрийжээ. Энэ зөрүүтэй мэдүүлэг цагдаа, мөрдөн байцаагч нарыг төөрөгдөлд оруулж, хэргийг дахин шалгах даалгавар авсан юм. Энэ хэрэгт түүний ах Батсайхан болон найз залуу Нямдорж хоёрыг холбогдуулан байцаан хориод хэрэгт буруугүй хэмээн сулласан байдаг.
Гэхдээ найз залуугийнхаа явуулгаар шунайхан сэдэлтээр хүний амь хохироосон байж болзошгүй гэсэн хардлагыг Ч.Баттуулын аав ээж хэлж, “Хүний өмнөөс миний охин хэрэг хүлээх ёсгүй” хэмээн мэдэгдээд байгаа аж. Ч.Баттуул цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Надад мөнгө хэрэгтэй болоод бизнес хийхээр авчирсан мөнгийг нь авахын тулд амийг нь хөнөөсөн. Хэдэн удаа буудсанаа санахгүй байгаа. Тэгээд цогцсыг нь хоёр найзтайгаа нийлээд цасанд булаад хотод орж ирсэн. Миний багш байсан, намайг хайртай шавь нарынхаа нэг гэдэг байсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар дотно харилцаанд орохыг хүсдэг байсан. Би тэр явдлыг нь хүсээгүй юм” гэж мэдүүлжээ.
Эхэндээ хэргээ хүлээхгүй байсан ч хоригдож байх хугацаандаа бүх үнэнээ илчилсэн байна. Гэхдээ түүний найз залууд ар гэрийнхэн нь их дургүй байдаг гэнэ. Учир нь, гэр бүлтэй залуутай дотно болсон тэрээр авгайгаасаа салахгүй бол гадаад хүнтэй сууна хэмээн өширхөж, талийгаачийг дуудаж ирүүлсэн гэдэг ч энэ нь тогтоогдоогүй гэнэ. Түүний найз залуу Нямдоржийг хүн чанар муутай, муухай характертай залуу гэдгийг Ч.Баттуулын ангийн хүүхдүүд ч хэлдэг байжээ. Тэрээр Нийслэлийн 87 дугаар сургуульд сурч байхдаа найз залуугаасаа болоод сургуулиа орхиод Төв аймаг руу шилжилж байсан гэдэг. Түүний гэр, аав, ээж нь Дархан хотод байдаг бөгөөд тэдэндээ очдоггүй байсан гэнэ. Ер нь даруухан, дуу цөөтэй, найз нөхөд ховор, сурлагадаа сайн, онц сурдаг охин байсан гэдгийг сургуулийнхан болон багш, ангийнхан нь хүлээн зөвшөөрдөг байжээ. Найзууд нь түүнийг Бану гэж дууддаг аж. Дунд сургуулиа төгсөөд Тайванийн технологийн их сургуульд сурч байхдаа англи хэлний багшаар ажиллаж байсан Жон Мартин Кийнтэй танилцсан гэдэг. Түүгээр ч барахгүй байнга мөнгө, санхүүгийн дэмжлэг авч, сургалтын төлбөрөө ч даалгадаг байжээ.
Талийгаач АНУ-ын иргэн Жон Мартин Кийнг тариа будааны үйлдвэрлэл эрхэлнэ гэсэн зорилготой гэрээсээ гараад хүний нутагт ирээд алуулна гэж хэн санах билээ. Бүр итгэдэг, хайрладаг шавийнхаа гарт амиа алдана гэдэг юутай харамсалтай хэрэг билээ гэж халаглах нэгэн ч байгаа. Гэхдээ хүний нялх үрийг буруутгах аргагүй. Зөв хүмүүжилтэй хүүхэд хүний даалгавраар бүр найз залуугийнхаа захиалгаар энэ хэргийг үйлдсэн байхыг үгүйсгэхгүй, хэн ч тааж мэдэхгүй болчихоод байгаа юм.Сэжигтэн хэд хэдэн удаа мэдүүлгээсээ буцсанаас болж энэ хэрэг бүтэн жил шахуу шалгагдаж, хэрэг шийдэгдэхгүй удааширч байгаа гэнэ.
Саяхан талийгаачийн ар гэрээс сэжигтний болон Жон Мартиний хувийн биеийн байцаалт захидал хэлбэрээр манай прокурорт ирсэн юм билээ. Тэр захидалд хэргийг сайн шалгаж, Монгол Улсын иргэн Ч.Баттуулыг цаазаар авна гэдэгт итгэлтэй байгаа шүү гэж бичсэн гэнэ. Түүний хувьд одоо Цагдан хорих төвд хоригдож байгаа билээ. Удахгүй шүүх хурал болох ч шүүхийн харьяаллыг тогтоогоогүй байгаа юм байна. Уг нь бол Төв аймагт үйлдэгдсэн хэрэг учир тэндэхийн шүүхэд болох ёстой ч харьяалал тогтоогоод Нийслэлийн нэг дүүргийн шүүхэд болж магадгүй гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм.
Харин хамгийн сүүлд өгсөн цагдаагийн мэдүүлэгтээ Ч.Баттуул “Талийгаач Жон Мартин Кийн нь Тайваньд 50 настай эхнэр Нэнси Ли болон 12 настай охины хамт амьдарч байхдаа Тайванийн технологийн их сургуульд англи хэлний багшаар ажиллаж байсан. Түүнд Монголд очиж ажиллахыг санал болгосон. Монголын нийслэл Улаанбаатар хотод “Шүрэн гүүр” /Coral Bridge/ нэртэй зочид буудал, ресторан барья, та зохион байгуулагчаар ажилла, өндөр цалин өгнө, гоё машин унуулна гэж хэлсэн. Бүр рестораны загвар зургийг гаргаж үзүүлсэн. 10 мянган долларын хандив өгөхийг хүсэхэд Кийн ч саналыг хүлээн зөвшөөрч, ээжээсээ дээрх мөнгийг авч Монголд ирсэн. Тэгээд тэр мөнгийг нь авахыг санаархсан” гэжээ. Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ