Сүмочдийн цалинг нэмэхгүй

img

Японы сүмогийн холбоо энэ сарын 18-нд хуралдаж, ирэх онд бөхчүүд болон ояката нарын цалинг нэмэхгүй байхаар шийдвэрлэжээ. Ингэснээр бөхчүүд 12 дахь жилдээ цалин пүнлүүгээ нэмж чадалгүй үлдэж байна. Сүмогийн холбооноос сүмогийн нэр хүнд унан, үзэгчдийн тоо цөөрч байхад цалин нэмж болохгүй хэмээн мэдэгдсэн аж. Ёкозүна цолтон сард 2820000 иен буюу ойролцоогоор 34663 ам.долларын цалинтай. Харин озэки 2340000 (28763 $), сэкивакэ, комүсүби цолтон 1700000 (20896 $), маэгашира 1300000 (15980 $), жюүрёо зиндааны бөхчүүд 1000000 (12292 $) иений цалин авдаг билээ. Мөн хурлаар ирэх жилийн хоёрдугаар сард тэтгэвэрт гарах Накамүра оякатаг 5 бөх, нэг үсчин, нэг засуулынх нь хамт Хаккакү дэвжээнд шилжүүлэхээр боллоо. Нэгдүгээр сарын тэмцээнээс эхлээд Токиод болдог тэмцээний тасалбарыг дунд сургуулийн сурагчдад хямдралтай үнээр зарах болсон байна. 2013 онд ОХУ, Индонезид хийхээр төлөвлөж байгаа үзүүлэх барилдааны талаар судалж үзэхээр шийдвэрлэжээ. С.Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ