Г.Ганхүүгийн сайрхал

img

Монголын рок попын урлагийнхан ирэх онд өөрийн гэсэн  соёлын ордонтой болно хэмээн Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, "Шар айраг" хамтлагийн дуучин Г.Ганхүү  саяхан ам алджээ. Тэрбээр монголын рок попын урлагийнхан соёлын ордонтой болж, тэндээ бэлтгэл сургуулилтаа хийж, үзэгчдэд тоглолтоо толилуулдаг байгаасай гэж мөрөөддөг байжээ. Тиймээс үе үеийн нийслэлийн удирдлагууд болон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нарт хандан энэхүү чин хүслээ мэдэгдэж, зураг төсөл, тооцоогоо танилцуулж, шийдүүлж чадахгүй өдийг хүрсэн аж. Харин тэрбээр өөрийн биеэр НИТХ-ын төлөөлөгч болсны хүчинд рок попынхонд зориулсан соёлын ордон бариулах санхүүжилтыг ирэх 2013 оны нийслэлийн төсөвт суулгаж чадсан гэнэ. Энэ талаар өнгөрөгч баасан гаригт “Blue Sky” цамхагт зохиогдсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд  сайрхаад авсан юм. Г.Ганхүү хэлэхдээ “Рок попын урлаг гэдэг хэн нэгэн, хэсэг нөхдийн янз бүрээр маяглаж, бусдыг элдвээр шоолж марзагандаг хий хоосон зүйл биш. Харин тухайн улс орны урлаг соёл, уран бүтээлчид  ямар түвшинд хүрсэн, хэр чадалтай дуучидтай болохыг дэлхийн улс оронд таниулдаг зүйл. Магадгүй дэлхий дахин нэрээ дуурсгах уран бүтээлчид төрөн гарахыг үгүйсгэх аргагүй. Тиймдээ ч би мөрөөдлөө биелүүлж, НИТХ-ын гишүүн болсоны хүчээр рок попын урлагт хүчин зүтгэж яваа нөхдөө нэгэн дээвэр дор цуглах боломжийг  бий болгосон. Боломж олдсон дээр нь өөрийгөө жаахан рекламдаад авья” гэв.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ