Сталины охины тухай баримт бичгүүдийг дэлгэв

img

Холбооны  тагнан мөрдөх товчоо  1967 онд АНУ-д цагаачлан гарсан Сталины охин Светлана Аллилуевагийн тухай баримт бичгүүдийг дэлгэв. Ассошиэйтед пресс агентлаг ил болгосон баримт бичгийн хувийг олж авсан байна. Баримт бичигт бичсэнээс үзвэл, Аллилуева  КГБ-гийн ажилтнуудын зүгээс мөрдөн мөшгөж магадгүй гэж АНУ-д ирснийхээ дараа Холбооны тагнан мөрдөх товчоонд мэдэгдсэн ч,  Америкийн энэ агентлаг  үүнтэй холбогдуулан ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Үүний хамт үнэхээр ингэж мөрдөн мөшгөж байсан  эсэх тухай ямар ч үг баримт бичигт байхгүй ажээ. Товчооны ажилтан 1967 онд Вашингтонд ЗСБНХУ-ын Элчин сайдын яамны дипломатч Михаил Трепыхалинтай уулзсаныг баримт бичигт бас тэмдэглэсэн байна. Аллилуеваг  эх орноосоо гарч явсныг Зөвлөлтийн Засгийн газар буруушааж, АНУ түүний энэ үйлдлийг “суртал нэвтрүүлгийн зорилгоор” ашиглаж болох юм хэмээн үзсэнийг уулзалтын үеэр дипломатч мэдэгджээ. АНУ-ын тодорхой хүчин Аллилуеваг ашиглан, АНУ,ЗХУ-ын “харилцааг  муутгахаар” оролдож болох юм хэмээн болгоомжилж байгаагаа Трепыхалин бас илэрхийлсэн байна. Гэхдээ ЗСБНХУ-ын эрх баригчид Аллилуевагийн гарч явсанд онцын санаа зовж байгаагүй гэж Холбооны тагнан мөрдөх товчооны бусад ажилтан мэдэгдэж байсан нь илтгэлээс харагдаж байна. Харин ч Аллилуевагийн гарч явсан нь “Сталин болон түүний гэр бүлийнхний нэр хүндийг л унагаж” болох юм гэж тэд хэлж байжээ.  Энэ нь тэр үеийн Зөвлөлтийн удирдлагын ашиг сонирхолд харшилж байгаагүй юм. Светлана Аллилуева 1926 онд төрсөн бөгөөд Сталины цорын ганц охин байсан юм. 1967 онд тэр Энэтхэгт очих үедээ ЗСБНХУ-д буцаж очихоос татгалзаж, тэндээсээ АНУ руу явсан байна. 1984 онд тэр эх орондоо буцан ирж, түүний иргэний харъяаллыг сэргээсэн ч удалгүй  АНУ руу дахин явсан юм. Гурав дахь нөхрийнхөө овгоор Лана Питерс нэртэй болсон Аллилуева амьдралынхаа сүүлчийн жилүүдийг Висконсин муж улсад өнгөрүүлжээ. Тэр 2011 оны арваннэгдүгээр сард нас баржээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ