Газрын гүнээс аав, ахыгаа хүлээнэ

img

Шинэ мянганы босгыг давахтай зэрэгцэн талын Монголын нийслэл саяас дээш хүн амтай метрополитан хотуудын эгнээнд орсон. Харин Улаанбаатар шиг дагуул хот нь гар аргаар нүүрс олборлогчдод сийчүүлсэн уурхайтай, тэнд нь байнга осол эндэгдэл гарч байдаг метрополитан ховорхон бизээ. Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн Налайхын нүүрсний уурхайтай холбоотой эмгэнэлт хэргүүдийн тухай мэдээлэл гарах нь нэмэгддэг. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрөгч бямба гаригийн 15.55 цагт Налайхын гуравдугаар хороонд орших бичил уурхайд нуралт үүслээ гэсэн мэдээлэл Уул уурхайн аврах албанд ирсэн байна. Аврах бүрэлдэхүүн 100 орчим аврагчийн бүрэлдэхүүнтэйгээр 60 гаруй метрийн гүнд дарагдсан 23-50 насны гурван хүнийг аврахаар 30 цаг малталт хийсэн ч бүтэлгүйтсэн юм. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлсний дагуу манай сурвалжлах баг Налайх дүүргийг зорилоо.   Ц.Жанчив: “Таван шүтээн трейд” компани үйл ажиллагааг нь зогсоосон уурхайг иргэдэд түрээслүүлж байжээ Өвлийн жавар хацар хайрсан үд дүндийн үед тус дүүрэгт очив. Юуны түрүүнд монголдоо ганцад тооцогдох Уул уурхайн аврах албыг ахалж байгаа тус албаны дарга, гавьяат уурхайчин Ц.Жанчивтай уулзлаа. -Өнгөрөгч баасан гаригт болсон эмгэнэлт ослын талаар тодруулаач. Ослын газарт байдал ямар байсан бэ? - Осол гарсан бичил уурхай нь 40 хэмийн налуутай, 60 метрийн гүнд нуралт үүссэн юм билээ. Тухайн үед ослын газарт  таван хүн ажиллаж байснаас хоёр нь зугтаж гарч амжин бидэнд дуудлага өгсөн. Бид ослын газарт бэхэлгээ мод тавьж, 686 м.куб уулын нурангийг ухаж гаргахад их цаг зарцуулсан. -Ослын газарт ОБЕГ-ийн албан хаагчид ажилласан гэж байсан. Хүн хүчний хувьд хэр байв? -Манай уул уурхайн аврах албанд 53 хүн ажилладаг. Тэдний 38 нь жинхэнэ мэргэжлийн уурхайн аврагчид. Яг ослын газарт зөвхөн тэд л ажилладаг. ОБЕГ-ынхан бол гал, ус, гэнэтийн осол аваар гээд өөр чиг үүргээр ажилладаг хүмүүс. Тэд ерөнхийдөө хамгаалалтад л гардаг. -Нас барсан иргэдийн талаар тодруулаач? -50 настай С.Гэндэннамжир, 23 настай Б.Баярхүү, 36 настай Б.Бямбажав нарын гурван иргэн энэхүү ослын үеэр амиа алдсан болохыг тогтоосон.  Урьдчилсан дүгнэлтээр 10 орчим метрийн өндрөөс тэдний ажиллаж байсан газарт нуралт үүссэнээс амь насаа алдсан гэсэн дүгнэлт гараад байгаа. Энэ бичил уурхайд хэдэн жилийн өмнө гал гарч байсан тул үйл ажиллагааг нь зогсоосон байжээ. Гэвч энэ бичил уурхайг эзэмшигч “Таван шүтээн трейд” компанийн зүгээс иргэдэд түрээслүүлж байсан бололтой. -Жилийн жилд Налайхын бичил уурхайд осол гарч эрдэнэт хүний амь нас эндсэн талаар мэдээлэгддэг. Өнөөдрийн байдлаар Налайхт бичил уурхай эрхэлж байгаа хичнээн хүн байна вэ? -Яг өнөөдөр Налайх дүүрэгт 149 бичил уурхайд 1600 гаруй хүн ажиллаж байна. Үүний долоо нь  компаниудын мэдэлд, бусад нь хувь хүнийх. Гэхдээ компаниуд бараг үйл ажиллагаагаа явуулдаггүй, иргэдэд түрээслэж ажиллуулдаг юм билээ. Бид тэдэнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг сануулж, анхааруулсаар ирсэн. Гэвч иргэд амьдралын төлөө эрсдэлтэй ажлыг сонгосон хэвээр л байна. -Танай алба Монголдоо ганц уул уурхайн салбарын аврагчидтай. Гэтэл Монгол Улс уул уурхайг хөгжлийн гарц гээд байгаа. Энэ утгаараа мэргэжлийн боловсон хүчний нөөц, техник тоног төхөөрөмжийн хангалт хэр байна? - Мэргэжлийн боловсон хүчнийг бид налайхчуудаасаа л бэлддэг. Өөр газраас хүн ирж ажиллана гэхэд Налайхт амьдрах орон байр олддоггүй. Харин техник тоног төхөөрмжийн хувьд сүүлийн үеийн бүхий л тоноглолоор хангагдсан. Гэхдээ аврах ажиллагааны үед багаж хэрэгсэл дутуу гэхээс илүүднэ гэж байхгүй. Бидэнд дутагдалтай нэг л юм байгаа. Онгоцтой болчихвол... Хөдөө орон нутагт уул уурхайн осол аваар гарлаа гэхэд бид машиндаа суугаад л явдаг. Цаг их алддаг. Саяхан Хэнтийн Баян-Адарга суманд байх жоншны уурхайд гарсан ослын газарт бид 5-6 цагийн дараа очсон. Машинаар явах нь цаг их алддаг. Хол газар бол бүр ч их цаг алдана. Хүний амь нас, цаг минутаар хэмжигддэг болохоор бидэнд онгоц байвал их л хэрэгтэй байгаа юм даа. Тэрбээр бидэнд ийнхүү Налайхын бичил уурхайн талаар нэлээдгүй ярьж, аврагчид  дараагийн дуудлагад хэрхэн бэлэн байдаг талаар танилцуулсан юм. Түүнтэй ярилцсаны дараа гурван хүний амийг авч одсон өнөөх бичил уурхайг зүглэлээ.   Налайхчууд өвөлдөө нүүрсний уурхайд, зундаа тоосгоны хятадуудад ажилладаг [caption id="attachment_172399" align="alignnone" width="600" caption="Аврагчдын уурхайгаас малтаж гаргасан 686 метр куб шавар, нүүрс"][/caption] Биднийг очиход уурхайчдын ажил ид өрнөж байв. Харин ослын газарт уурхайн амны дэргэд багахан хэмжээний нүүрс, шавраар босгосон уул сүндэрлэн угтлаа. Тэр нь аврагчдын ухаж гаргасан нүүрс шавар гэнэ. Хажууханд нь ганц гэр байх ба хэсэг хүмүүс өөр нэгэн гэрийг нүүлгэж байгаатай таарсан юм. Осол гарсан бичил уурхайг албан ёсоор лацдаж хаадаг тул өөр уурхайд ажиллахаар нүүж байгаа нь тэр. Тэдний дунд байх 20 гаран насны нэгэн залуутай уулзаж ярилцсан юм. Харин тэрбээр нэр, насаа хэлэхийг хүсээгүй  ч ослоор амиа алдсан гурван хүний нэгнийх нь дүү гэдгээ хэлсэн. -Ахад тань тохиолдсон явдалд эмгэнэл илэрхийлье. Чи бас уурхайд ажилладаг уу? -Тийм. Налайхчууд бид өөр юу хийх юм бэ. Өвөлдөө нүүрсний уурхайд, зундаа тоосгоны хятадуудад ажиллаж байна. Цалин сайтай, боломжийн ажил байдаг бол бид ийм эрсдэлтэй алхам хийхгүй нь мэдээж  биз дээ. -Уурхайд ажиллаад хэдий хэрийн цалин авдаг юм? -Цалин гээд байх юу байхав. Нэг өдрийн гараан дээрээ хэчнээн хэмжээний кофштой нүүрс гаргана түүгээрээ тооцдог юм. Муухан бол өдөртөө 15-20 мянган төгрөг авна. Сайн ажиллавал өдөртөө 100-120 мянган төгрөг авчихна. Мэдээж хэний ч амьдралд мөнгө хэрэгтэй болохоор аль болох ихийг олж, гэртээ харихыг хүснэ. Тийм болохоор эрсдэлтэй гэж хойш сууж байгаагүй. Ажиллана, тэр хэрээрээ мөнгөтэй болно. -Нүүрсээ яаж гаргаж авдаг вэ? -Уурхайн гүнд малтагч, хүрздэгч хүмүүс нь байна. Тэд ковшоо дүүргээд дохио өгөхөөр дээрээс мотороор татаад авдаг юм. Дор орж ажиллавал арай илүү цалин авдаг болохоор  би ч гэсэн нүхний гүнд ажилладаг. -Одоо энэ уурхай дахиад нээгдэхгүй юу? -Уг нь бол хүн дахиж орохыг хориглодог. Гэхдээ мөнгөтэй улсууд худалдаж аваад дахиад нээчихдэг юм доо. Түүнтэй ийнхүү цөөн хором ярилцсан юм. Яагаад ч юм уртаар санаа алдахыг хүссэн.  Эргэн тойрон энхэл донхол, хэн нь хаана, аль аманд ажиллаж байгааг мэдэхийн ч аргагүй. Гадаах жихүүн салхи, саарал бүүдгэр тэнгэр, сэтгэл эмзэглэм дүр зураг нүдний өмнө зурайна. Магадгүй энэ бүх  бичил уурхайнууд нэгэн цэгт таарч бүхэлдээ доош цөмрөх гээд байгаа ч юм шиг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун. Хүний амь наснаас илүү үнэд хүрэх болсон хар алт гэгддэг нүүрсийг Налайхт 100 гаруй жилийн тэртээд анх хятадууд олборлож, асар том уурхайг байгуулсан гэдэг. Харин 1922 оны арванхоёрдугаар сарын 25-нд энэхүү хятадын уурхайг Монголын анхны улсын үйлдвэр хэмээн бүртгэн авч үйл ажиллагааг нь эхлүүлж байжээ. Энэ л цагаас эхлэн Налайхыг зорьсон их нүүдэл эхэлж, уурхайчдын суурин үүссэн. Үе үеийн уурхайчид Налайхдаа ажиллаж  амьдарч ирсэн. Гэвч одоогоос 17 жилийн өмнө буюу 1995 оны нэгдүгээр сарын 15-ны 111 тоот тогтоолоор ТЭХГУҮЯ-ны сайд Д.Жигжид Налайхын их уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Үүний улмаас 20 мянга орчим хүн хоолгүй болж, ажилгүйчүүдийн эгнээг тэлж, ядуучуудын давхарга руу шидэгдсэн гэдэг. Судалгаагаар тус уурхайд сүүлийн найман жилд нийт 200 гаруй осол гарч, 100 гаруй хүний эрдэнэт амь хохирч, төдий тооны хүн хүндээр бэртэж, хөдөлмөрийн чадвараа алдсан гээд тоочоод баршгүй зовлон бичил уурхайчдад, тэдний гэр бүлийнхэнд учирч байна. Налайхын нүүрсний уурхайн одоогийн нөхцөлийг УИХ, Засгийн газрын хэмжээнд үндэслэлтэй тооцоо судалгаа хийж, улсаас тодорхой төсөв хөрөнгө баталж, бичил уурхай эрхлэгчдийг өөр ажлын байраар хангах боломжийг бий болгоосой гэж хүсдэг юм билээ. Гэвч ар гэртээ ахиухан мөнгөтэй харихсан гэсэн олон айлын аав, ах 149 бичил уурхайд амь өрсөн нүүрс олборлож байна. Харин тэдний ард үр хүүхэд, хань ижил нь хүлээж суугаа. Тэд хэзээ нэгэн цагт аймшигтай мэдээ дуулдах вий гэсэн айдас түгшүүртэйгээр өдөр хоногийг өнгөрүүлдэг болов уу. Төр засгаас Налайхын асуудлыг анхааралдаа авч, зөв гарцыг шийдвэрлэхгүй л бол эрдэнэт хүний амь эрсэдсэн гэх мэдээ хэзээ ч тасрахгүй. Хичнээн айл өрхийн тэргүүнгүй, хэдэн хүүхэд аавгүй, ахгүй болж байгааг тоолохын ч хэрэггүй. Гэхдээ хэн ч үхлийг биш амьдралыг сонгож хөдөлмөрлөдөг амьдралын хуулийг яалтай билээ. [caption id="attachment_172403" align="alignnone" width="600" caption="Осол болсон бичил уурхайн бүдүүвч зураг"][/caption] [caption id="attachment_172405" align="alignnone" width="600" caption="Уурхайн гүн дэх хүчилтөрөгчийн агууламж шалгах багаж"][/caption]   [caption id="attachment_172406" align="alignnone" width="600" caption="Аврагчид энэхүү хүчилтөрөгчийн савыг үүрэн уурхайд ордог"][/caption]   [caption id="attachment_172407" align="alignnone" width="600" caption="Ослын дуудлагад гарах бэлэн байдал"][/caption] [caption id="attachment_172408" align="alignnone" width="600" caption="Налайхын энэхүү овгор товгор шороонууд бүгд гар аргаар нүүрс олборлогчдын ажлын байр"][/caption] [caption id="attachment_172412" align="alignnone" width="600" caption="Гар аргаар нүүрс олборлогчид ажлаа хийж байна"][/caption] [caption id="attachment_172416" align="alignnone" width="600" caption="Ослын газраас нүүн өөр нэгэн уурхайн амыг зорихоор"][/caption] [caption id="attachment_172420" align="alignnone" width="600" caption="Уурхайчид энд амиа алдсан"][/caption] [caption id="attachment_172422" align="alignnone" width="600" caption="Гүнээс хүрздсэн нүүрсийг татаж гаргадаг кофшийг ажиллуулдаг мотор"][/caption] [caption id="attachment_172427" align="alignnone" width="600" caption="Нүүрс гаргадаг кофш"][/caption] Сурвалжилсан П.Нарандэлгэр Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ