
“Хүсэл мөрөөдөл дууссан цагт амьдрал хүртэл дуусдаг. Тиймээс би мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдардаг” хэмээн ярьж буй энэ бүсгүйг Пүрэв-Очирын Шүүдэрцэцэг гэдэг. Тэрбээр СУИС-ийн урлаг судлалын II, ХААИС-ийн маркетинг менежментийн IV дамжааны оюутан юм. Мөн үүгээр ч зогсохгүй дөнгөж саяхан Шүүдэрцэцэг зохиолчийн бүтээл “Ану хатан” хэмээх түүхэн кинонд тогложээ.
Түүнийг найз нөхөд нь Шүүдэрцэцэг зохиолчтой, “Shuuder” хэмээх продакшны хийсэн кинонд Шүүдэрцэцэг гэдэг бүсгүй тогложээ гэж хошигнон ярьдаг байна. Ингээд Шүүдэрцэцэг давхацсан бүтээлд авьяасаа сорьсон авьяаслаг бүсгүйн яриаг толилуулъя.
Түүхэн киноны дүрд тоглох нь уран бүтээлч болгоны хүсэл мөрөөдөл байдаг. Иймээс “Ану хатан” хэмээх кинонд тоглох болсон түүхээсээ сонирхуулна уу?
Юуны өмнө сэтгүүлийн уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие Ану хатны амь сахигч таван баатрын нэгний дүрийг авч ажилласандаа сэтгэл маш хангалуун байна.
Уг киноны найруулагч Т.Алтантуяа эгчтэй өмнө нь хамт рекламд тоглож байсан юм. Тэгээд намайг “Ану хатан” кинонд тоглуулах саналаа Шүүдэрцэцэг зохиолчид хэлэхэд сайхан хүлээж авсан гэсэн. Ингээд хүндэтгэж явдаг хоёр хүн маань надад санал тавьснаар энэ кинонд тоглох болсон.
Надад түүхэн киноны шивэгчний дүр бүтээсэн ч том зүйл гэж бодож байлаа. Гэтэл бүр таван баатар эмэгтэйн нэгний дүрд тоглосондоо ихэд бэлэгшээж байна. Түүхэн кинонд тоглох аз тохиосон ч дүр авчихаад их айж байсан л даа. Гэхдээ энэ бүх зүйлийг давж гарсандаа сэтгэл үнэхээр өндөр байна.
-Баатар эмэгтэйн дүр гэхээр мэдээж амаргүй байсан байх. Бэрхшээл их байв уу?
-Морины давхиан дунд нум сум харвах гээд мэдээж шантармаар зүйл их байсан. Киноны гол дүрд буюу Ану хатанд тоглосон Отгонжаргал эгч ямар ч орлон тоглогчгүй өөрөө явсан л даа. Үнэхээр дайчин бүсгүй. Энэ бол асар их хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээр байсан. Отгоо эгчийгээ харж хурцлагдаж байсан. Отгоо эгч шиг чадахын төлөө өөрөө өөрийгөө зоригжуулж хичээж чармайсан. Миний хувьд өөрийнхөө зүгээс орлон тоглогч ашиглахгүй явахыг хичээсэн. Хөл хөхөрчихсөн, зуны халуун наранд хар хувцастай явах амаргүй байсан ч надад бүх зүйл сонирхолтой санагдаж улам их эрч хүч мэдрэгдэж байлаа.
-“Ану хатан” киноны нээлт хэзээ вэ?
-Арванхоёрдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ гэж ярьж байгаа. Юутай ч зохиолч болон уран бүтээлчид их сайн ажиллаж байна. Түүхэн кино учраас зуун хувь сайн хийж, боллоо гэсэн цагтаа үзэгчдэд хүргэх нь зүйтэй гэсэн сэтгэлээр уран бүтээлчид ажиллаж байгаа.
-Тэгэхээр чамд энэ кино юуг өгч чадсан гэж ойлгож болох вэ?
-Надад асар их эрч хүчийг бэлэглэж чадлаа. Морь унаж, нум сумаар харваж сурсан гээд ихийг хэлж болно. Би чөлөөт цагаараа фитнесээр хичээллэдэг. Харин уг кинонд тоглосноос хойш нум сумаар хичээллэж байна. Нум сумаар харвах дэндүү сайхан болохыг уг киноноос мэдэрсэн.
-Өмнө нь хэдэн кинонд тоглосон бэ. Хүмүүс чамайг “Валентины захидал” киноны Сондорын дүрээр таньдаг?
-Энэ дүрээр хүмүүс намайг мэддэгт мөн л баярладаг. Өмнө нь би Маадай ахын “9009” хэмээх нэртэй 2009 оны залуусын хайр дурлал, нөхөрлөлийг 90 онтой харьцуулсан кинонд тоглосон. Өөрөөр хэлбэл, 1990 оны залуусын дүрд тоглож байсан. Ер нь ингээд яриад байвал тоглосон уран бүтээл багагүй бий. Уран бүтээлч хүнд нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр шаарддаг гэдэг. Иймээс би уйгагүй хөдөлмөрлөж байж сайн уран бүтээлч болно гэдэгт итгэдэг.
-Саяхан “Би эмэгтэй хүн” уран сайхны кинонд тоглосон гэл үү. Юуны тухай өгүүлдэг кино вэ?
-Тийм ээ. Жүжигчин Навчаа эгчтэй нэг дүрд тоглосон. Эмэгтэй хүний дотоод гоо сайхан, ер нь эмэгтэй хүн юу хүсэж, юу бодож явдаг гээд эмэгтэй хүний амьдралыг харуулсан кино. Тэр дундаа ялалт, ялагдал гээд бүхнийг өгүүлнэ. Гол нь тэр бүхнийг Та ирээд үзээрэй гэж хэлье. Би ярьчихвал кино сонирхолгүй болчихно шүү дээ.
-Ингэхэд Навчаа жүжигчинтэй хамтарч тоглоход хэр байв. Тэрбээр хэр сайн жүжигчин бэ, чинийхээр?
-Навчаа эгчтэйгээ би гурав дахь уран бүтээл дээрээ хамтарч ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл би тэр жүжигчнээс алхам тутамдаа суралцаж байдаг гэсэн үг. Жүжиглэлт, тайзны соёл гээд Навчаа эгчээс сурах зүйл их байдаг. Миний хувьд Навчаа эгч мундаг сайн жүжигчин. Надтай олон хүн санал нийлнэ байх. Тэрбээр Erik Emmanuel Smitt гэдэг Францын алдарт зохиолчийн “Хоёр ертөнцийн буудал” хэмээх жүжигт цэвэрлэгч эмэгтэйн дүрд гайхалтай тоглосон. Би тоглолтыг нь үзээд уулга алдаж, шагшин биширч байснаа нуух юун... Өөрийгөө эрс эвдэж чадсан гайхалтай бүтээл болсон байна билээ. Навчаа эгчийн жүжгэндээ хэлж байгаа үгийг нь хүртэл цээжилсэн.
-Юу гэж хэлдэг гэж?
-Жүжигт ...Цонхны завсраар тусах нарны гэрэлд наран шарлагын газар байгаа мэтээр төсөөлж нуруугаа ээдэг сэн. Ганцхан дэлбээг үнэрлээд л мянга мянган цэцэгсээр өөрийгөө хүрээлүүлсэн байгаа мэтээр төсөөлдөг сөн...гээд сайхан үг бий. Энэчлэн би өөрт таалагдсан үг, өгүүлбэр бүрийг хичээнгүйлэн бичиж авч, байнга хэлж явдаг юм.
-Навчаа жүжигчин ааш зангийн хувьд ямар вэ. Уран бүтээлээс нь харахад их л ширүүн зантай хүн шиг харагддаг?
-Навчаа эгчтэй би сайн эгч дүүс болсон гэж хэлж болно. Уян зөөлөн цайлган цагаан сэтгэлтэй хүн. Тиймээс бид хоёрын нөхөрлөл урт удаан үргэлжилнэ байх.
-Тэгвэл чиний бодлоор аз жаргал гэж юу вэ. Юу гэж ойлгодог вэ?
-Магадгүй аз жаргал гэхээр хүмүүс их том юмнаас хайгаад байдаг шиг санагддаг. Харин миний хувьд бол өдөр болгон аз жаргалыг авч явдаг. Хайртай ээж, эмээ, өвөөтэйгөө элэг бүтэн амьдарч байгаа маань аз жаргал шүү дээ. Тэгээд ч аз жаргал бол маш энгийн зүйлээс эхэлдэг. Өөрөөр хэлбэл, аз жаргал гэх агуу ухагдахуун асар жижигхэн зүйлээс үүсэн бий болдог гэж боддог. Гэхдээ маш жижигхэн хэрнээ хамгийн агуу зүйлийг би аз жаргал гэж төсөөлдөг.
-Ингэхэд Шүүдэрцэцэг хэн хэнтэйгээ амьдардаг вэ?
-Хоёр ээж, үеэл, нохойтойгоо тавуулаа амьдардаг. Энэ дашрамд намайг уран бүтээл хийхэд бүхий л талаар дэмждэг гэр бүлийнхэндээ маш их баярлаж явдгаа хэлье. Би Та нартаа бүгдэд нь хайртай шүү.
-Айлын ганц охин юм уу?
-Тийм ээ.
-Их эрх үү?
-Их эрх талдаа гэж хүмүүс хэлдэг л дээ (инээв)
-Өөрийгөө дүгнэж хэлээч. Зан аашийн хувьд ямар вэ?
-Өөрийгөө би яг тийм хүн гэж яагаад ч юм дүгнэж чаддаггүй юм. Заримдаа бүр өөрөө ч ойлгохгүй зан ааш гаргах тохиолдол бий. Гэхдээ миний ааш зан дандаа хүсэл тэмүүлэлтэйгээ хамт байдаг. Би хийх ёстой, ингэх ёстой гээд зүтгэх л юм бол түүнийхээ ард гарч байж санаа амрах жишээтэй.
-Ингэхэд амьдралд үнэн гэж байдаг уу. Үнэнг юутай зүйрлэдэг вэ?
-Толины тусгал хэзээ ч худлаа байдаггүй. Үнэнг би тольтой зүйрлэдэг. Үүнтэй холбоотой нэг шүлэг хэлэх үү?
Тэг л дээ.
...Хүмүүс өгүүлэн хэлэх юм
Худал үнэн нь үл олдох тэр бүгдийг өчих юм
Үнэнч бөгөөд үнэн гэгч нь хэн юм бэ?
Хаана байна?
Үхтэл орших үнэнг минь хэлэх чи ганцхан Толь...
-Чи шүлэг бичдэг үү?
-Шүлэг бичдэг гэхэд чамлалттай л юм. Бичиж чаддаг гэж хэлэхгүй ч хааяа нэг бичихийг оролддог гэх үү дээ (инээв)
-Дахиж кинонд тоглох санал ирсэн үү?
Яг одоо бол гэгээн хайрын тухай кино зохиол дээр ажиллаж байгаа.
-Эротик дүрд тоглох санал ирвэл зөвшөөрөх үү?
-Хэзээ нэгэн цагт сэтгэл санаа гээд бүхий л зүйлээр бэлтгэгдсэн цагт тоглохыг үгүйсгэхгүй. Одоо бол тоглох бодол байдаггүй.
-Уран бүтээлч болгон тийм дүр бүтээхсэн гэж мөрөөддөг. Чиний хувьд мөрөөдөж явдаг дүр бий юу?
-Одоохондоо надад тийм мөрөөдөл байхгүй.
-Яагаад?
-Тийм ийм дүр гэж боддоггүй. Намайг гололгүй надад оногдсон дүр бүр дээр өөрөөсөө гарч болох бүхий л нөөц бололцоогоо гарган сэтгэл зүрхээ хандуулж ажиллахыг л юу юунаас илүү эрмэлздэг.
Хамтран тоглогчдоосоо ихийг сурахыг хүсэж байна. Магадгүй жинхэнэ жүжигчин болсон хойноо ядаж ганц дүр бүтээх сэн гэж зорьж байна. Жишээлбэл, Мандухай сэцэн хатны дүрийг Н.Сувд жүжигчин хүмүүсийн сэтгэлд хоногштол бүтээж чадсан. Тиймээс уран бүтээлч болсны хувьд нэг сайн дүр бүтээх нь миний хувьд туйлын зорилго маань байх болно. Сайн уран бүтээл хийхэд надад зааж, зөвлөх уран бүтээлч ах, эгч нар олон байна шүү дээ. Надад хамтарч ажиллаж байгаа уран бүтээлч болгон чин сэтгэлийн зөвлөгөөг харамгүй өгдөг юм. Мөн би охидын дууны хамтлагтай болох сон гэсэн нууцхан хүсэлтэй.
-Хоёр их сургуульд сурна, кинонд тоглоно гээд их завгүй байдаг бололтой. Энэ бүхнийг яаж амжуулдаг байна аа?
-Залуу хүн завгүй байх тусмаа амьдрал амттай гэж боддог л доо. Үүний жишгээр л явж байна даа. Хийж бүтээх бүхий л зүйлээ амжуулахыг хичээн зүтгэдэг.
-Найз залуутай юу?
-Байсан (инээв)
-Ямар залуу таалагддаг вэ?
-Би царай зүс, нуруу турууг нь голчилж хардаггүй. Гол нь эмэгтэй хүнийг хүндэлдэг, чин сэтгэлээсээ хайрлаж, халамжилдаг тийм хүн надад таалагддаг. Ийм хүнийг ч ирээдүйн ханиа байгаасай гэж бодож явдаг.
-Уучлаарай чамайг зарим сайт дээр хамартаа мэс засал хийлгэсэн гээд биччихсэн байсан. Үнэн үү?
-Гэр бүл, ойр дотны хүмүүс, найз нөхөд миний үнэнг мэдэж байвал болоо гэж боддог. Нэг үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэг. Тиймээс намайг нээрээ хэзээ, хаана хамраа хийлгэсэн билээ гэж бодоход хүртэл хүргэж байсан. Түүнийг уншаад гэр бүлийнхэн маань тоохгүй байгаа ч санаа нь зовж байгаа байхдаа гэж бодох юм.
-Урлагт хайртай, хүсэл мөрөөдлөө өгсөн, түүнийхээ төлөө уйгагүй зүтгэж, тэмүүлж яваа чинь ярианаас тань илт мэдрэгдэж байна. Тэгэхээр чиний бодлоор урлаг гэж юу вэ?
-Урлаг бол хүн төрөлхтнийг өөр лүүгээ татах увидастай соронз гэж бодож байна.
-За баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Ярилцсан Д.Яруу
Эх сурвалж:"ТВ7 хоног" сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ