Б. Бадарчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг нээлээ

img

Монголын төрийн түүхэнд чухал ач холбогдолтой түүхэн үйл явдлуудын тэгш ой давхцан тохиож байгаагийн нэг нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 100 жилийн ой билээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон 100 жилийн ойгоо үр бүтээлтэй үйл ажиллагаагаар жилийн турш тэмдэглэж байна. Энэхүү түүхэн ойн хүрээнд Монгол төрийн эрхэм түшээ, Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Балдангийн Бадарч агсны мэндэлсний 95 насны ойг тохиолдуулан түүний нэрэмжит “Цэцэрлэгт хүрээлэн”-г нь түүний төрсөн нутаг Увс аймгийн Завхан сумын төвд байгуулжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас санаачлан, хөрөнгө оруулж Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын нийт ажилтан албан хаагчид, иргэдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бий болж байгаа энэхүү “Цэцэрлэгт хүрээлэн”-д  улиас, хайлаас зэрэг 250 гаруй мод суулгасан бөгөөд Б.Бадарчийн гэрэлт хөшөө, усан оргилуур, усалгааны систем, шөнийн гэрэлтүүлэг, зориулалтын зам, талбай бүхий тус “Цэцэрлэгт хүрээлэн” нь  сум орон нутгийн хэмжээнд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм. Балдангийн Бадарч нь 1916 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Увс аймгийн Завхан сум буюу хуучнаар Хантайшир уулын аймгийн Цэцэнсартуул хошууны нутагт төржээ. Тэрээр 1932 онд 16 насандаа Увс аймгийн Завхан сумын Хувьсгалт залуучуудын Эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, ажил амьдралын гараагаа эхэлжээ. Б.Бадарч 1940-1951 онд МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Юмжаагийн Цэдэнбалын туслахаар 11 жил, 1952-1985 оны хооронд Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын даргаар тасралтгүй 33 жил ажилласан бөгөөд  төр засгийн хариуцлагатай ажил албанд насан өөд болтлоо 50 шахам жил сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ зориулсан хүн юм. Б.Бадарч нь МАХН-ын Төв хорооны гишүүн байсан бөгөөд Ардын Их Хурлын депутатаар 9 удаа дараалан сонгогдсон төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ