
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хууль санаачлагчдын илтгэлийг НХХ-ийн сайд Т.Ганди танилцууллаа. Тэтгэврийн тогтолцоонд үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үүднээс нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ нь тэтгэврийн олон давхаргат тогтолцооны хамгийн доод давхарга бөгөөд улсын төсвөөс санхүүжүүлэх тэтгэвэр юм. Нийгмийн суурь тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч байгаа 60 нас хүрсэн ахмад настанд олгох ажээ. Шинэ хууль хэрэгжсэнээр Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авдаг иргэн нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн дагуу өөрийн тэтгэвэр дээр нэмэлт хэлбэрээр суурь тэтгэвэр авах боломжтой болох ажээ.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дондог, хуулийн төсөлд 75,50 гээд хувь тогтоосон нь ямар учиртай юм бэ. Одоогоор тэтгэврийн доод хэмжээ 60, 70 мянга байна. Цаашдаа суурь тэтгэврийг тодорхой хугацаагаар нэмээд байх уу, эсвэл анхны тогтоосон дүнгээр явах юмуу гэдгийг тодруулсан бол, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, суурь тэтгэвэр бий болсноор одоогийн мөрдөж байгаа тэтгэврийн даатгалын тухай хууль үндсэн зарчмаасаа ухарч байгаа юм биш үү. Уул уурхай, ашигт малтмалаас баялаг орж ирж байгаа үед боломжтой. Одоогоор 300 гаруй мянган тэтгэвэр авагч байгаа. Энэ тоо цаашид өснө. Ялангяа 60, 70-аад онд төрсөн иргэд 2016-2020 онд тэтгэвэрт гарч тэтгэвэр авагчдын тоо эрс өсөх судалгаа бий. Иймд төр энэ ачааллыг даах юм уу. Жил бүр улсын төсөвт тодорхой хөрөнгө сууж таарна. Энэ асуудалд анхаарч суурь тэтгэвэр гэхээсээ өмнө тэтгэврийн зөрүүг арилгахад анхаарах хэрэгтэй. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг төр хариуцахаар хуульчилсан. Тэтгэврийн шинэ хэлбэр бий болгохдоо өмнөх алдаагаа засаад явж болдоггүй юм уу гэсэн шүүмжлэлийг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй явж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүст суурь тэтгэвэр олгоно гэж байна. Энэ хэр зөв бодлого вэ. Хүн бүр тэтгэврийн зөрүү арилгах хүсэлт тавьдаг. Өмнөх асуудлаа шийдэж байж дараагийн асуудалдаа анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай санал нэгтэй байна гэж байлаа.
НХХ-ын сайд Т.Ганди, суурь тэтгэврийн тогтолцоог нэвтрүүүлснээр бага тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийн хэмжээ амьжиргааны баталгаажих доод түвшинтэй дөхөж очно. Тэтгэврийн сангийн тодорхой алдагдлыг арилгана. Тэтгэврийн сан их нимгэн байгаа. Энийг алдаа гэхээсээ илүү тэтгэврийн даатгалын санг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүй байхгүй байгаатай холбож үзэх хэрэгтэй. Тийм учраас эрх зүйн орчин бий болгох үүднээс хуулийн төслийг өргөн барьж байгаа. Суурь тэтгэврийн хуулиар иргэдийн шимтгэлийн тодорхой хувийг төр өөрөө дааж эрсдлийг саармагжуулж байгаа учраас тэтгэврийн зөрүүний асуудал, хувь тэнцүүлсэн тэтгэвэр, нөхөн олговрын асуудлыг нэгмөсөн шийдвэрлэх бололцоотой гэж үзэж байна. Цаашид хүн амын өсөлтөөс харахад 2016-2020 онд гарах тэтгэврийн эрсдлийн ирээдүйн баталгааг өнөөдрөөс хангаж өгөхгүй бол тэтгэврийн хямрал үүснэ. Иймд энэ асуудлыг одооноос шийдэх хэрэгтэй гэж үзсэн. Эхний суурь тэтгэврийн тооцоогоор 2016 он хүртэлх ачааллыг төсөв дээр үүрнэ. Төрөөс эхний үед ачаалал ирнэ. Дараагийн үеэд ачаалал саармагжиж 2016 оноос даатгалын үндсэн сан бэхжинэ гэж үзэж байгаа юм. Өнөөдрийн түвшинд төр ирээдүйн баталгааг иргэддээ нэг удаа бий болгоё гэж байгаа. Шимтгэл төлөөгүй иргэдийг өөгшүүлж байгаа юм биш. Шимтгэл төлөх хувь бүх иргэдэд нээлттэй үлдэнэ. Тэтгэврийн зөрүүний асуудлыг шийдэх гэж энэ шинэчлэлийг хийж байгаа гэсэн хариултыг өглөө. Асуулт хариулт дууссаны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ