
ОХУ-ын Ханты-Мансийск хотноо эмэгтэй шатарчдын ДАШТ үргэлжлэн явагдаж байна. ДАШТ-ий III шатны тоглолтууд өчигдөр болж шөвгийн наймд өрсөлдөх шатарчдын нэр тодорлоо. Энэ тойрогт оноолт таарсан Оросын эгч дүү Косинцевагийн өрсөлдөөн нэмэлт тоглолтын дүнд ганц насаар эгч Надежда нь 3,5:2,5-аар давамгайлжээ.
Дэлхийн аварга БНХАУ-ын их мастер Хоү Ифань, дэлхийн чансааг тэргүүлэгч Энэтхэгийн Хумпи Конеру нар хоёрдугаар тойрогт Польшийн М.Сочко, Украины Н.Жукова нарт хожигдсон тул шинээр дэлхийн 15 дахь аварга төрж магадгүй болоод байна. Мөн дэлхийн аварга цолыг хүртэж явсан Жү Чень, Александра Костенюк нар ч хоёрын даваанаас хэтэрсэнгүй. Харин 2004-2006 онд дэлхийн аварга цолыг эзэмшсэн Антоанета Стефанова ганцаараа аваргуудын нэр нүүрийг хамгаалахаар үлджээ.
Шатрын ДАШТ. Шөвгийн найм:
Анна Ушенина (Украин) – Надежда Косинцева (ОХУ)
Антоанета Стефанова (Болгар) – Мари Себаг (Франц)
Харика Дронавалли (Энэтхэг) – Жао Сюй (БНХАУ)
Жү Веньжүнь (БНХАУ) – Хуан Чянь (БНХАУ)
Дэлхийн шилдэг 64 эмэгтэй шатарчин өрсөлдөж буй энэхүү тэмцээн арванхоёрдугаар сарын 2-нд өндөрлөх юм.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ