Ханиад, томуугийн дуудлага ихэсч байна
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулаад ханиад, томуугийн дэгдэлт их байгаа. Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн газар халдварт өвчин болон томуу, томуу төст өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүйгээр ажлаа зохион байгуулах, нийслэлийн Боловсролын газар ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр улирлын амрал¬тын өдрүүдээр нийтийг хамарсан арга хэмжээг аль болохоор явуулахгүй байх үүрэг даалгаврыг өмнөх шуурхай дээр өгсөн. Тэгвэл нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 68352 хүн амбулаториор үйлчлүүлсний 4827 буюу 7,1 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон нь өмнөх долоо хоногоос 0,4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1,3 хувиар тус тус өсчээ. 10 мянган хүн тутамд өвчний 40,3 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 2,3 тохиолдлоор илүү байгаа аж. Улаанбаатар хотын найман дүүр¬гийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 48,2 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж энэ нь өмнөх долоо хоног болон урьд оны мөн үеэс Сүхбаатар дүүргээс бусад дүүрэгт өссөн учир цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээг эмнэлгийн байгууллагууд, иргэд цаг алдалгүй авахыг сэрэмжлүүлэв. Өвчлөл нэмэгдэж байгаа учир нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүүхдийн ор бүхий эмнэлгүүдэд нөөц ор гаргах, насанд хүрэгчдийн орыг зохицуулах, гэрийн эргэлтийг сайжруулах, түргэн тусламжийн машин болон эмчийн тоог нэмэгдүүлэх, нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авахын хэсэгт нэмэлт эмч ажиллуулах, өрхийн эмнэлгүүдийн цагийг уртасгах зэрэг арга хэмжээ авч байгаа аж. Нийслэлийн Боловсролын газар дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга нарт сургуулийн хүүхдийн амралтын хугацаанд багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байгаа юм байна. Эх сурвалж: Нийслэл таймс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ