Нийслэлийн санал авах байруудын бэлтгэл ажил хангагджээ
-Иргэдийн гомдлын 60 гаруй хувийг барагдуулсан байна- Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл удирдан явууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун зарим хэлтэс, харьяа газрын даргаар шинээр томлигдсдыг танилцуулсан юм. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар М.Дондогдорж, Улаанбаатар хотын Захирагчийн Дэнжийн-1000, Хайлааст, Чингэлтэй дэх ажлын албаны даргаар, Б.Батсүх, Улаанбаатар хотын Захирагчийн Туул, Био, Өлзийт дэх ажлын албаны даргаар А.Цэрэнбат нарыг тус тус томилжээ. Мөн зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай дээр Засаг даргын орлогч Н.Батаагийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан дүүргүүдийн ЗДТГ аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сонгуулийн ажлын бэлтгэлийг хангах, зохион байгуулж явуулах гэсэн үүргийг өгсөн. Монгол Улсын аймаг, сум, дүүргийн ИТХ-ын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалтын дагуу дүүргүүдийн Засаг дарга нар сонгогчдын санал авахад шаардлагатай асуудлуудыг тухай бүр шийдвэрлэсэн байна. Сонгуулийн тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд ажиллах төрийн болон үйлчилгээний албан хаагчдыг хуулийн хугацаанд үндсэн ажлаас нь түр чөлөөлж сонгуульд ажиллах нөхцлөөр хангасан тухай мэдээллийг дүүргүүд ирүүлсэн байна. Сонгогчдын саналын хуудас дүүргүүдэд ирснийг цагдаагийн байгууллага хамгаалалтад аваад байгаа аж. Дүүргүүдийн ЗДТГ санал авах байрын бэлтгэлийг газар дээр нь шалгаж зарим шаардлагатай арга хэмжээг авснаар /Санал авах байрын цонхнуудад төмөр торон хамгаалалт хийх, цахилгааны шугамын гэмтлийг засуулах, байрыг засварлах, шаардлагатай эд зүйлсээр хангах зэрэг/ өнөөдрийн байдлаар санал авах бүх байр бэлтгэл хангагджээ хэмээн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга мэдээллээ. Мөн “Улаанбаатар сонсож байна” тусгай дугаарын утас бүхий лавлагаа мэдээллийн төвийг туршилтаар ажиллуулж байгаа билээ. Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвд хүлээн авсан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын, Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Энэ сарын 01-нээс 15-ны өдрүүдэд Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн 1200, 1234 дугаарын утсанд 2942 иргэн хандсан бол, лавлагаа мэдээллийн төвийн www.ub1234.mn, www.ub1200.mn сайтуудад 9638 иргэн ханджээ. Иргэдээс ирүүлж байгаа өргөдөл гомдлын дийлэнх нь ОСНАА, Захирагчийн ажлын алба, Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Автозамын газарт хандсан байна. Иргэд цахилгааны тасалдал, дулааны хангамж, хот тохижилт, хог тээвэрлэхтэй холбоотой асуудлуудыг ихээр тавьсан байна. Эдгээр гомдлын 60 гаруй хувийг барагдуулжээ. Мөн лавлагаа мэдээллийн төвд иргэдээс, НЗДТГ болон ЗАА, замын цагдаагийн газар,авто замын газар зэрэгт холбоотой 93 санал ирсэн байна. Ж.Ганцэцэг Эх сурвалж: Нийслэл таймс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ