Далай багш Монголын ард түмэнд зориулан ном айлдаж байна

img

Энэтхэгийн Дарамсала хотоос манай сурвалжлагч С.Энхзаяа мэдээлж байна. Энэтхэг улсын Дарамсала хотод Дээрхийн гэгээн XIV Далай лам Монголын ард түмэнд зориулан хоёр өдрийн турш ном айлдаж байна. Энэ удаагийн хурал Монголын гэгээнтэн Ламын гэгээний хүсэлтээр Энэтхэг улсад анх удаа монголчууд зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Өнөөдөр Энэтхэгийн цагаар 09.00 цагт эхэлсэн уг хурлаар Далай багш монголын ард түмэнд зориулан “Очирваанийн ван”, “Бодь мөрийн зэрэг”-ийн “Тунгаамал алт” хэмээх номыг айлтгаж байна. Дээрх номонд Бурхны шашинд хүний сэтгэлийг ямар хэм хэмжээнд байвал зохистойг учирлан тайлбарласан юм. III Далай ламын “Бодь мөрийн зэрэг” хэмээх энэхүү бүтээл нь 108 ботиос бүтэх ба түүнийг тайлбарласан 200 гаруй боть бүхий энэтхэг тайлбар байдгийн хамгийн гол хэсэг болох “Тунгаамал алт” хэмээх хэсгийг Далай багш энэ удаад сонгосны учир нь III Далай ламд “Далай лам” хэмээх энэ алдрыг монголчууд хайрлаж байсан түүхтэй гэнэ. Далай багш хурлын эхэнд бурхны шашныг өөрийн уламжлалт зан үйлийн нэг болгосон монгол түмний буддын шашны хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж явдаг гэдгийг онцолж байлаа. Үүний зэрэгцээгээр Далай багш “Хоёр өдрийн турш айлтгах Тунгаамал алт хэмээх номыг даган баясахдаа чин сэтгэлээсээ даган баясаж, бодь мөрийн сэтгэл хийгээд хоосон чанарыг хослуулан сэтгэж, сэтгэл юугаа баясгавал зохистой. Мөн XXI зуунд амьдарч буй хүмүүн бид эрин зуунтайгаа хөл нийлүүлэхийн зэрэгцээ бурхан багшийн сургаалийг амьдралын хэв маягтаа хэрхэн тусгах вэ буюу бурхны шашинд сэтгэлийн амар амгаланг хэрхэн олохыг шинжлэх ухааны үүднээс таниулахад та бидний энэ цугласны учир бий” хэмээж байлаа. Уг хуралд оролцохоор Дарамсала хотод байрлах Далай ламын хийдэд 1000 орчим монгол хүн цуглаад байна. Тэдгээрийн дотор УИХ-ын гишүүн Д.Очирбат, ЭБЭХ-ний дэд сайд асан Ц.Гарамжав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, АЖ Ц.Чимэдцэеэ, сансрын нисгэгч хошууч, генерал Ж.Гүррагчаа, Монгол нутгаас тодорсон есөн хутагт, Монголын бурхан шашинтны тэргүүн Д.Чойжамц зэрэг улс төр, шашин, урлаг соёлын зүтгэлтнүүд хүрэлцэн ирээд байна. Дашрамд дурьдахад, энэ үйл явдалд зориулан энэ сарын 18-нд МИАТ компани Улаанбаатар-Армистар руу шууд нислэг хийгээд байгаа юм. Далай багшийн сургааль өнөөдөр, маргааш хоёр үргэлжилж, маргааш орой Далай багш Дарамсала хотноо цугларсан монголчуудыг хүлээн авч, хурлын талаархи сэтгэгдлийг нь хуваалцах юм. Харин энэ сарын 23-ны өдөр буюу ирэх лхагва гаригт Дарамсала хотод цугларсан шашны зүтгэлтнүүд хийгээд сүсэгтнүүд Очирваань бурхныг тахиснаар дээрх үйл ажиллагаа өндөрлөнө. Ингээд Энэтхэг улсын Дарамсала хотноо Далай багшийн монголын ард түмэнд зориулан айлдсан номонд даган баясаж буй монголчуудын төлөөллийн сэтгэгдлийг сонссоноо хүргэе. О.Жаргалсайхан: Далай багшийг ном айлдахад ээжийгээ сүсэглэн бодлоо -Далай лам монголчуудад маш энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлээр хандаж, монгол хүн, монголчуудын амьдралын сайн сайхны тусын тулд ингэж ном айлдаж байгаад үнэхээр баяртай байна. Монголчуудад зориулан “Очирваанийн ван”, “Бодь мөрийн зэрэг”-ийн хураангуй “Тунгаамал алт” гэдэг номыг энэ удаа Далай зориулан айлтгаж байна. Энэ номыг Далай багш айлдаж байхад, саяхан бурхан болсон ээжийгээ сүсэглэн бодлоо. Миний хувьд нутгаасаа энд цугларсан хүмүүсээс арай эрт гарч, өмнөд Энэтхэгийн нутгаар бурхан багшийн гэгээрсэн газруудаар 31 хүний бүрэлдэхүүнтэй аялаж байна. Бидний аяллын хамгийн сүүлийн цэг нь Дарамсала хотод болж буй энэхүү Далай ламын хурал болж байна. Б.Бадралмаа: Хоосон чанарыг ухаарвал зовлонгоос өөрийгөө чөлөөлнө Би энэ сарын 15-нд Энэтхэгт жуулчны шугамаар ирж, Таж махал, Гоа зэрэг газраар зугаалаад, өчигдөр Дарамсалад ирсэн. Би гадаадад амьдардаг юм. Ээжийгээ Далай багшид мөргүүлэх гэж энэ удаагийн аяллаа зохион байгуулсан. Их сайхан хурал болж байна. Далай ламтай нүүр тулж уулзаж, багшийн сургаалиар бодь сэтгэл, хоосон чанарыг сэтгэж суух завшаанд олдсоныг их олзуурхаж байна. Энэ сургаальд ирсэн хүмүүс гадна талаа биш дотор сэтгэлээ засах гэж ирсэн учир их сайхан байна. Бүх зүйлд хоосон чанар бий гэдгийг ухаарчихвал ямар нэг зүйлд уурлаж бухимдах, эд хөрөнгөд шухан гэх мэтээр өөртөө зовлон хураахаа болиж, өөрийгөө чөлөөлж, амьдралын жинхэнэ утга учрыг олно гэж л ойлгож байна. С.Түвдэнцэрэн: Монголчууд Энэтхэгт Далай багшийн хурлыг зохион байгуулж байгаагаараа онцлог Энэ удаагийн хурал монголчуудын Энэтхэг улсад зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог. Өмнө нь монгол туургатнууд хүсэлт Далай багшид айлтган, зохион байгуулж байсан. Энэ удаагийн хурлыг Баянхонгор аймгаас тодорсон Ламын гэгээнтний айлтгалаар, Өмнөд Энэтхэгийн Брайбун Гоман дацангийн Халх лицангаас буюу монголчууд зохион байгуулж байна. Өнөөдрийн Далай багшийн айлдаж байгаа энэ номыг III Далай лам Сономжамцад монголчууд айлтгаж, зохиолгосон Богд зонховын Бодь мөрийн зэрэг гэдэг зохиолын гол шимийг татсан бүтээл юм. Энэ номын бүх шимийг нь тунгаасан бүтээл учраас уг номыг Тунгаамал алт” хэмээн нэрлэсэн байдаг. Дарамсала хотод сэтгэл гарган ирсэн хүмүүст Далай багш талархаснаа илэрхийлэхийн ялдамд хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хуралд даган баясаж байгаа хүмүүст мөн адил буян хурна хэмээн айлдсан. Энэ хурлын дараа энэ сарын 30-наас ирэх сарын 13-ны хооронд Далай багш өмнөд Энэтхэгийг Брайбун болон хэд хэдэн дацанд 14 хоногийн турш хурал айлдана. Эдгээр хуралд монголчууд маань өргөнөөр сүсэглэх боломжтой. Ж.Чимэгбат: Мухар сүсгээр биш шинжлэх ухааныг ойлгож шүтэх хэрэгтэй Далай багшийн сургааль их сайхан болж байна. Бид Бодь мөрийн зэргийн  Тунгаамал алт гэсэн бүтээлийг сонсож байгаа. Бид өмнө нь хэд хэдэн удаа Далай багшийн сургаальд  явж байсан. Энэ удаа монголчуудад зориулсан сургааль гэдгээрээ их онцлог байна. Монголчууд маань их иржээ. Энэ хурлын номыг жил бүр зохион байгуулахаар яригдаж байгаа юм билээ. Далай багшийн номонд мухар сүсгээр биш, шинжлэх ухааныг ойлгож, үүнийг ухаарвал бурханы шашиныг шүтэх хэрэгтэй гэдэг. Ийм сургааль номонд сууснаар хүн юунд хэрэгтэй гэж, юуг, яах гэж шүтэж байгааг ойлгоход чухал хувь нэмэртэй. Ингэснээр амьдралын утга учрыг танин мэдэх юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зайл:
буруу номтон чиний нүдэнд сарнайн сайхан бут ч өтсөн мах, бодьсадва бурхан ч чөтгөр болж харагдах нь хөөрхий
2016-04-04
Монгол хүн:
тэнд нэг төвд өвгөн маань уншихад энд чанарын ямар өөрчлөлт гарч байна??? Мухар сүсэгт идэгдсэн Монголчууд минь дээ ухаараачдээ.
2012-12-13
зайл:
буруу номтон чиний нүдэнд сарнайн сайхан бут ч өтсөн мах, бодьсадва бурхан ч чөтгөр болж харагдах нь хөөрхий
ганаа:
Их эзэн богд ЧИНГИС хааныхаа зарлиг сургаалыг сонсож,ойлгож,ухаараагүй байж харийн юм шүтэж байх гэж ээ халаг халаг удахгүй өвөг дээдэсийн алтан сургааль алтнаас үнэтэй болох эрин эхэлж байна. хөх монгол сэр сэр сэр,
2012-11-22
зочин:
хөөрхийдөө монголд орох виз өгөхгүй болхоор алсын зайнаас мань мэтийнгээ болгоосон байна шүү дээ, гялайлаа багш минь, бурхан минь
2012-11-22
хөх:
ЯМАР САЙХАН ЮМ БЭ? ТЭНД ОЧСОН ХҮМҮҮС ЯМАР АЗТАЙ УЛС ВЭ? ЭНХ АМГАЛАГ ОРШИХ БОЛТУГАЙ МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН.
2012-11-22
yamar saihan yum be UM MA NI BAD NI HUM
2012-11-22