Х.Тэмүүжин:Би цэргийн хүн” гээд форм өмсөөд, зураг хөргөө энд тэнд тавиад явж болох уу

img

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Цэргийн госпитальтай нэгтгэж, хотын төвд шинээр барьж байгаа байрыг нь оффис болгох гэсэн шийдвэр гаргаснаас болж маргаан дэгдээд байгаа. Эмч нар, эмнэлгийн ажилтнууд  түүний шийдвэрийг  хүлээн зөвшөөрөхгүй, оффис хэрэгтэй юу, эмнэлэг хэрэгтэй юу хэмээн байр сууриа хүчтэй илэрхийлж байна. Харин Хууль зүйн сайд буулт хийхгүй бололтой. Тэрээр ярилцлагадаа"Энэ эмнэлэг бол цэргийн байгууллага. Сая Засгийн газраас тогтоолоор Батлан хамгаалахын харьяа цэргийн анги, манай дотоодын цэргийн анги хоёрыг нэгтгэсэн. Энэ дотор цэргийн дэг журам, сахилга бат үйлчилна. Цэргийн байгууллага дотор жагсаал цуглаан, үймээн зохион байгуулна гэдэг дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн ч, гаднаас нь очиж байгаа хүмүүсийн ч хувьд хуулиар хориотой. Цэргийн анги нэгтгэл дотор очоод “Та нар эсэргүүц, жагс цугла” гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой, эх орноосоо урвасан, төрийн эсрэг гэмт хэрэг. О.Баасанхүү гишүүний хувьд УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал хөндөгдөж таарна. УИХ-ын гишүүн хүн хуулинд захирагдах ёстойгоос биш хууль зөрчиж, цэргийн анги нэгтгэлд үймээн самуун дэгдээх ёсгүй. УИХ-ын гишүүн асан Д.Очирбат “Би цэргийн хүн” гээд форм өмсөөд, зураг хөргөө энд тэнд тавиад явдаг хүн, бэлтгэл хурандаа гэсэн байх. Энэ хувцсыг гоё харагдах гэж өмсдөг үү, эсвэл тангараг өргөсөн цэрэг хүний ёсоор өмсдөг үү гэдгийг тэр хүнээс асуумаар байна. Энэ эмнэлэг бол Хууль зүйн яаманд харьяалагдаж, төрөөс бүрэн санхүүжиж байгаагийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг нь цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, хил хамгаалах гэх мэтчилэн тушаалаар явж, гал ус руу ордог, гэмт хэрэгтэнтэй нүүр тулах эрсдэлтэй үүрэг хүлээсэн, амь насаараа дэнчин тавьж тангараг өргөсөн тушаалаар ажилладаг төрийн тусгай албан хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ёстой тусгай чиг үүргийн эмнэлэг. Тусгай чиг үүрэгтэй учраас цэрэгжсэн зохион байгуулалтаар ажиллаж, цэргийн сахилга бат үйлчилдэг. Гэтэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд, өмнөх сайдын үед энэ эмнэлгийг хайхралгүй орхисноос болж үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахаа больсоноос гадна эмнэлэг өөрөө хувьчлагдчихаж. Цэргийн анги нэгтгэл байтлаа эмч ажилчдын хувийн эмнэлэг, орлогын эх үүсвэр болоод хувирчихсан байна. Саяхан Завханд 3000 нинжа цуглаад газар ухсан. Хууль зөрчсөн, байгаль орчин сүйтгэсэн, орон нутгийн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Үүнийг шийдэхийн тулд Улаанбаатараас 200 цагдаа явуулсан. Мэдээж 3000 хүний эсрэг 200 цагдаа тулна гэдэг маш их эрсдэлтэй. Тиймээс үүний ард эмнэлгийн үйлчилгээ яг мөр дагаад явж байх ёстой. Гэтэл эмнэлэг нь байдаггүй. Завханд мал хулгайлахаар хоёр хил зөрчигч орж ирээд манай хилийн албаныхантай тааралдаж, хойноос нь хөөцөлдөж явсан нэг хилчний маань араас нь буудсан. Сум цээжээр нь нэвт гарсан. Гэтэл манай тусгай үүргийн эмнэлэгт тэнд очоод мэс засал хийх боломж байхгүй. Тэндээс авчираад хагалгаа хийе гэхэд нисдэг тэрэг байхгүй. Өөрсдийгөө иргэний зориулалттай эмнэлэг шиг хараад, тэгж хөгжүүлэх гээд явчихсан учраас шуурхай тээвэрлэлтийн чадавх байхгүй. Бид аргаа бараад шархадсан цэргээ Оросын талд хүсэлт тавьж, оросууд цаанаас нь нисдэг тэргээр ирж аваад мэс засал хийсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө Хууль зүйн яамны харьяа тусгай чиг үүргийн эмнэлэг маань юу болчихсон байна вэ. Энэ эмнэлэг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд дулаан байранд суугаад эмчилгээ хийхээс гадна хамгийн хэцүү, хээрийн нөхцөлд ч мэс засал хийж чаддаг байх ёстой. Гэтэл тэр чиглэлээрээ чадавхжиж чадаагүй, зүгээр л хотын төвд байдаг хувийн эмнэлэг болоод хувирчихсан байна. Одоо тэрийгээ тавьж чадахгүй зууралдаад явж байна шүү дээ. Өчигдөрхөн би энэ салбарт он удаан жил ажилласан хоёр эмчид байлдааны гавьяаны одон гардуулсан. Жирийн эмчид байлдааны гавьяаны одон өгдөггүй. Одон авах, цалин авахын тулд цол байдаг юм биш, тушаал биелүүлж үүргээ гүйцэтгэхийн тулд цол байдаг. Гэтэл нөгөө цэргийн тангараг өргөсөн хүмүүс маань өөрдийгөө “иргэн” гэж нэрлээд, ард түмний нэр бариад явж байна. Хоёр жилийн өмнө Улаанбаатарт байсан цэргийн ангийг бид үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор Баян-Өлгий рүү шилжүүлсэн. Гэтэл тэр цэргийн анги үйлдвэрчний эвлэл байгуулаад “Бид тийшээ явахгүй ээ, Улаанбаатарт байх нь таалагдаж байна гэвэл тэр нь утгатай юу. Яг үүнтэй адил зүйл болж байна"гэжээ. www.times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ