“Алтан Дорнод”-ын хэрэг хэрэгсэхгүй болж, Орхон голд хийгдэх нөхөн сэргээлт лөөлөө болов уу?

img

"Ус чандмань эрдэнэ” хэмээн дээдэлж, хүндлэх сэтгэлгээ аль эртнээс хэвшиж тогтсон атлаа усыг хайрладаг, гамнадаг, зөв хэрэглэдэг хүн цөөрсөөр байгаа нь харамсалтай. Монголчууд эртнээс нааш хэвшиж тогтоосон зан сэтгэлгээндээ усыг хайрлах, усны ид шидийг дээдлэх болж, ариун усандаа цагаан зүйл хүргэх, хог шаар хаяхыг ч цээрлэж ирсэн. Гэвч уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээс хойш гол мөрнүүдийн урсац татарч, бохирдол нь улам бүр нэмэгдсээр байна. Үүний тод жишээ нь Нийслэлийн Туул, Орхон түшээ мөрнөөс эхлээд өнөөдөр ор сураггүй ширгэсэн гол мөрнүүд гээд олон. Монгол орны нийт усны нөөц 609.5 км3 бөгөөд түүний 82 хувийг нуур, 10.3 хувийг мөсөн гол, 6 хувийг голын ус, 1.7 хувийг гүний ус эзэлдэг. Манай орны нутаг дэвсгэрт 4113 гол, горхи байдаг бөгөөд урт нь 67,000 км. Тэдгээр нь Хойт мөсөн далайн, Номхон далайн, Төв Азийн гадагш урсацгүй гэсэн гурван ай савуудад цутгадаг. Эдгээр олон улсын гурван ай савд эдийн засаг, байгаль орчны ач холбогдлоор нь дараахь найман бүс нутгийн сав газрыг хамааруулан үздэг. Эдгээрийн хамгийн томоохон нь Сэлэнгэ мөрний сав газар билээ. Монгол орны хойд хэсгийн хагас цөлөрхөг нутгийн 280,000 км2 талбайг хамрах бөгөөд энэ нь манай орны хамгийн том сав газар юм. Энэхүү сав газар нь Сэлэнгэ мөрөн болон түүний цутгал голууд, Орхон гол гэсэн хоёр томоохон голоос бүрддэг. Сэлэнгэ мөрний сав газар нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг оролцуулаад долоон аймгийг хамардаг. Эгийн гол, Идэр, Орхон, Туул голууд нь Сэлэнгэ мөрний сав газрын дэд сав газрууд болно. Эндээс энэ удаа бид Орхон голын сав газарт нөхцөл байдал ямар болсон тухай мэдээллийг хүргэх болно. Орхон гол нь Сэлэнгэ мөрний vндсэн цутгал төдийгvй Монголын хамгийн урт том голд тооцогдоно. Сүүлийн жилүүдэд Орхон голын усны нөөц багасч, бохирдлын хэмжээ нь нэмэгдээд байгаа. Үүнд хамгийн ихээр нөлөөлөгч хүчин зүйл нь уул уурхайн үйлдвэрлэл. Орхон голын сав дагуух байгалийн баялгийг ухаж цөлмөгсөд хэдийгээр үйлдвэрлэлийн салбарын хэмжээнд хөгжиж байгаа ч сөрөг нөлөө нь харьцангуй их байгаа юм. Хамгийн энгийн жишээ хэлэхэд энэ бүс нутагт усны зөв хэрэглээг төлөвшүүлсэн шилдэг технологи нэвтрээгүй байгаа юм. Хэдийгээр сүүлийн жилүүдэд хур тунадасны хэмжээ нэмэгдэж байгаа ч бохирдлын хэмжээ буурахгүй байна. Монгол орны усны бүтцийн багагүй хувийг эзэлж, найман аймгийн нутгаар дайран өнгөрөхдөө мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн судсыг тэтгэдэг Орхон голыг хамгаалах нь нэн чухал юм. Сүүлийн жилүүдэд энэ сав газар дахь уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээс Орхон голыг тэтгэдэг гол мөрнүүд татарч, бохирдсоор байгааг судалгааны дүн харуулж байна. Тэгэхээр ихээхэн хүч чармайлт гаргаж хамгаалах, хамгийн гол нь зөв зохистой ашиглах нь чухал юм. Эрдэмтэн, судлаачид ч үүнтэй санал нэг байна. Ашигт малтмалын болон Усны тухай хуулиудад холбогдох өөрчлөлтүүдийг хийх, судалгаа шинжилгээний томоохон ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Дархан, Сэлэнгэ гээд үйлдвэрлэлийн томоохон бүс нутгуудад усны хэрэглээ улам бүр нэмэгдэж байна. Харин зөв зохистой ашиглалт дутагдсанаас усны бохирдол нэмэгдсээр байгааг албаныхан хэлж байна. Өвөрхангай, Архангай аймгуудын хувьд ч уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж, лицензтэй компаниудаас гадна усыг залгигч гар аргаар алт олборлогчдын тоо буурахгүй байгаагаас асуудал, бэрхшээл нь улам бүр зузаарсаар байна. Архангай, Өвөрхангай аймгийнхан алт олборлогчдын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас байгаль экологийн томоохон хохирол үзсэнээ ярьж байна. Харамсалтай нь, мэргэжлийн байгууллагуудын хүч дутмаг, 250 мянган төгрөгнөөс дээш хэмжээгээр торгох эрхгүй учраас өнөөг хүртэл уурхайн эзэд шинэ технологи нэвтрүүлэхийн оронд торгуульчихаад нүдэн балай, чихэн дүлий сууж байхыг эрмэлзэх болж. Шүдээ хүртэл алтаар бөгжлүүлэхийг хүсдэг баячууд гарын салаагаараа мөнгө урсгаж, Монголын голуудын нулимсыг барж олсон хөрөнгөөрөө туйлж явахад ирээдүй байгалийн мөхлийн өмнөөс мөлхөж байгаа зураг нүднээ тодорч байна. Монгол Улсад 47.2 сая гектар талбай эзэлсэн 5188 тусгай зөвшөөрлийг 1939 байгууллага эзэмшиж байгаа гэсэн тооцоо бий. Тэдний хэд нь химийн хорт бодис хэрэглэж, хэдэн гол мөрөн, булаг шандыг Бороогийн ижил болгож байгааг хэлж өгөх тодорхой судалгаа, түүний мөрөөр хийх ажлын үр дүн хэрэгтэй байна. Орхон голын сав газартай холбоотой анхаарал татсан зүйл гэвэл “Алтан Дорнод Монгол” компани. Монголын төртэй Олон улсын арбитрын шүүхээр заргалдаад байсан энэ компанийг Орхон гол болон Орхон голыг тэтгэдэг, түүнд цутгадаг голуудын урсацыг татраах, бохирдуулахад томоохон нөлөө үзүүлсэн гэдгийг шалгалтаар тогтоосон. Гэтэл энэ компанийн хэрэг олон улсын шүүхээр ч, Монголын шүүхээр ч хэрэгсэхгүй болсон. Энэ талаар өмнө нь манай сайт та бүхэнд мэдээлэл хүргэсэн. Орхон голын бохирдол, урсац татарсан явдалд уул уурхайн үйлдвэрлэл асар их нөлөө үзүүлсэн. Мэдээж, үүнд гар аргаар алт олборлогчдын нөлөө ч их бий. Гэхдээ энэ бүс нутгийн томоохон үйлдвэрлэгч болох “Алтан Дорнод Монгол” компани ямар хариуцлага хүлээж байгаа нь тодорхойгүй байна. Татварын ерөнхий газрын татвар хураалтын хэлтсээс энэ талаар тодруулбал шинээр эзэн суусан хүмүүс нь улсад төлөх өрийг нь хагаслан 2017 он хүртэл төлөх гэрээ байгуулсан ч байгаль орчны нөхөн сэргээлтийн мөнгө энэ төлөх өрөнд багтаагүй байгаа юм. Тэгэхээр ийм жишиг уул уурхайн бусад компаниудад тогтчихоод урт нэртэй гэх хуулийг хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлээгүй хэрнээ хариуцлага хүлээхгүй өнгөрч, хууль шүүхийнхэн толгойг нь илдэг байдлыг улам бүр газар авахуулж байна гэж ойлгож болохоор байна. Орхон голын ай сав дахь бэлчээр дэх уст цэгийн тоо жилээс жилд буурч байгаагаас малчдын бэлчээр сэлгэн ашиглах уламжлал хумигдаж, ойролцоохь уст цэг, булаг шандыг бараадан нутаглах болсноос нийт бэлчээрийн 3.5 сая га газар хүчтэй, 5 сая га газар дундаас дээш хэмжээгээр талхлагдаж, цөлжих хандлага эрчимжиж байна. Орхоны хүрхрээ ширгээд хоёр жил болж байгаа. Ирэх хавар урсах уу, үгүй юү гэдэг нь нутгийн малчдын дунд асуулт болон үлдэж байна. “Алтан Дорнод”-оос үүдээд МАК цаашлаад нинжа нар энэ голыг асар ихээр бохирдуулж, Орхон гол Сэлэнгэ мөрөнд хортой урсгалаар цутгаж байгааг газар тариалангийн бүс нутгийнхан ч нулимс дуслуулан ярьж байна. Орхон голыг бид мартаж болохгүй. Хамгийн гол нь Орхон голын амийг таслах эх үндсийг тавьсан “Алтан Дорнод Монгол” болон Монголын алт зэрэг компаниудыг хууль шүүхийн байгууллагаас шалгасан. Энэ хэрэг дахиад л эрх мэдэлтнүүдийн хэрэгсэхгүй болсон, чимээгүй хаагдсан хэргүүд шиг дарагдаж байна уу гэдгийг дахин нэг санахад илүүдэхгүй мэт. Эх сурвалж www.wikimon.mn Сэтгүүлч Г.Тэгшжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ