
Египетийн нийслэл Каир хотод томоохон хэмжээний мөргөлдөөн гарч 40 орчим хүн амь насаа алдаж 60-аад хүн хүнд шархадсан тухай ВВС агентлаг мэдээлэв. Израйль болон Хамас бүлэглэлийн хооронд гал зогсоох хэлэлцээр Каир хотод явагдахтай зэрэгцэн ийм явдал болжээ.
Энэхүү мөргөлдөөн хоёр хоног үргэлжилсэн бөгөөд яг нэг жилийн өмнө үүнтэй адил мөргөлдөөн гарч байсан. Үймээн дэгдээгчид нэг жилийн ой дээр дахин ийн үймээн самуун гаргажээ. Босогчид цагдаа нар руу чулуу, бензинтэй сав гал шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн бол цагдаа нар босогчдыг дарахын тулд нулимс асгаруулагч хий, үрлэн сумтай буу ашигласан ч төдийлөн ач холбогдолтой байж чадаагүй. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь цагдаа нар байсан хэмээн орон нутгийн эх сурвалжаас мэдээлжээ.
Тус улсын Дотоод хэргийн яамнаас өгсөн мэдээллээр хотын хөдөлгөөнийг түр хугацаанд хаасан бөгөөд иргэдийг гадуур гарахгүй байхыг сануулж байгаа аж. Цагдаагийнхан уг үймээн самууныг тарьсан этгээдүүдийн 19-ийг нь баривчилсан байна.
Энэ өдрүүдэд Каир хотод Израиль болон Хамас бүлэглэлийнхэн Газын зурваст гал зогсоох хэлэлцээр хийх ба НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар хүрэлцэн ирээд байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ