“Британик” хөлөг онгоц Эгейн тэнгист живжээ

img

Английн аялал жуулчлалын “Британик” гэдэг асар том хөлөг онгоц Афин хотоос 65 километрт  Грекийн  Кея, Макрониси арлын хооронд 1916 оны арваннэгдүгээр сарын 21-нд  живжээ. Гурван мянга гаруй зорчигч тээвэрлэж чадах 275 метр урт энэ тансаг хөлөг онгоц нь нөгөөх  “Титаник” хэмээх зартай хөлөг онгоцны нэг адил тээврийн “Уайт Стар Лайн” компанийн мэдэлд байжээ. “Титаник” хөлөг онгоц мөсөн уул мөргөж, 1912 онд живэх үед “Британик” хөлөг онгоцыг дөнгөж үйлдвэрлэж байсан бөгөөд үүнтэй холбогдуулан жившгүй хэмээх нэр алдрыг бүрдүүлсэн зохих өөрчлөлтийг шинэ хөлөг онгоцны бүтээцэд оруулсан байна. Дайны жилүүдэд Британийн тэнгисийн цэргийн хүчний дайчилсан “Британик” хөлөг онгоц шархдагсдыг авах ёстой байсан Эгейн тэнгисийн зүүн хэсгийн Лесбос арал руу явах замдаа живжээ.  Хөлөг онгоц Германы шумбагч хөлөг онгоцноос харвасан торпедад оногдож живсэн, эсвэл  мина мөргөж дэлбэрсэн гэж Британи болон Германы цэргийн архивт хадгалагдаж буй баримт бичигт бичсэн байдаг байна.  Тэр үед хөлөг онгоцонд 1134 хүн сууж явснаас 29 нь амь үрэгджээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ