"Челси" Рафаэль Бенитесийг сонголоо

img

Лхагва гаригийн өглөө 09:03 цагт Роберто ди Маттеог ахлах дасгалжуулагчийн ажлаас халсан "Челси" шинэ дасгалжуулагчийг удахгүй зарлана хэмээн мэдэгдсэн билээ. Үнэхээр ч удсангүй, Лондоны цагаар 19:31-д "Челси" клубээс албан ёсны мэдээлэл хийж испани мэргэжилтэн Рафаэль Бенитесийг энэ улирал дуустал ажиллуулахаар томилжээ. Энэхүү хатуухан албанд ирэх боломжтой дасгалжуулагчдын жагсаалтад Пеп Гвардьола, Жозе Моуриньо, Харри Реднапп нaрын нэр дуулдаж байсан ч Рафаг сонголоо. Бенитесийн хувьд "Валенси"-г гуравхан жилийн хугацаанд Ла-лигийн болон UEFA-гийн цомын аварга болгож, 2004-2010 онд Английн премьер лигт "Ливерпуль"-ийг удирдан 2005 онд UEFA-гийн Аваргуудын лигт түрүүлүүлж байсан юм. Харин 2010 оны сүүлчээр Италийн "Интер"-ээс халагдсанаас хойш Арабын хойгт телевизийн тайлбарлагч хийж иржээ. Түүний томилгоог "Челси"-гийн хөгжөөн дэмжигчид төдийлөн таатай хүлээж авсангүй. "Тэр Ливерпульд ажиллах үедээ манай менежер Жозе Моуриньотой тун их шөргөөцөлддөг байсан. Манай клубийн талаар маш буруу, таагүй үг яриа их гаргадаг байсныг бид мартаагүй" хэмээн Челсиг дэмжигчдийн холбооныхон мэдэгджээ.  Юутай ч клубийн зүгээс шийдвэрээ гаргаж, түр хугацааны томилгоо хийсэн. Багийн байдал эгзэгтэй үед Бенитес Лондонд ирлээ. Гэхдээ зун хүртэлх хугацаанд Бенитестэй "Челси" хэд хэдэн цом өргөчих боломж бий байх аа. Учир нь тэрээр Фернандо Торрес болон бусад тоглогчидтой хамтран ажиллаж үр дүнд хүрч байсан туршлагатай. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ