
Өвлийн спортын төрлүүдээс үзэгч сонирхогчдын анхаарлыг гойд ихээр татдаг биатлоны шинэ улирал эхлэхэд бэлэн болж байна. Арваннэгдүгээр сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 2-нд Шведийн Остерсунд хотноо болох Дэлхийн цомын эхний тэмцээнд онч мэргэ, хурд шандсаа сорихоор биатлончид зорьж очсоор.
"Сочи-2014" цагаан олимпийн оршил, сорилго болох тул шинэ улиралд өвлийн спортынхны өрсөлдөөн тэмцэл илүүтэй өрнөх нь. Нөгөө талаар эмэгтэйчүүдийн лидер Магдалена Нойнер хийгээд шилдгүүдийн тоонд багтаж явсан Хелена Экхольм, Анна Богалий-Титовец нар зодог тайлснаар бүсгүйчүүдийн дунд "бялуу хуваах" том ажил ундрах төлөвтэй. Мартин Фуркад, Эмиль Хегле Свендсен, Евгений Устюгов, Арнд Пайффер, Тарье Бё нарын ид бяр жагссан залуустай домогт Оле-Эйнар Бьорндален хэрхэн өрсөлдөх вэ? гэдэг асуултын хариу ч сонин байх биз ээ.
Харин 2013 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх хоёрдугаар сарын 6-17-нд Чехийн Нове-Место хотноо болох юм.
Биатлоны Дэлхийн цомын хуваарь
2012.11.24-12.02 Остерсунд (Швед)
2012.12.05-12.09 Хохфильцен (Австри)
2012.12.12-12.16 Поклюка (Словен)
2013.01.01-01.06 Оберхоф (Герман)
2013.01.08-01.13 Руполдинг (Герман)
2013.01.16-01.20 Антхольц-Антерселва (Итали)
2013.02.27-03.03 Холменколлен (Норвег)
2013.03.04-03.10 Сочи (ОХУ)
2013.03.11-03.17 Ханты-Мансийск (ОХУ)
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ