
Хятадын Гузоу аймгийн Бижей хотын Чишингуан дүүргийн хогийн савнаас угаартсан есөн хүүхэд олдсон бөгөөд тэдгээрийн тав нь нас барсан байсан тухай Синьхуа агентлаг мэдээлэв. Тэдгээр хүүхдүүд гэр оронгүй тэнэмэл хүүхдүүд байсан бөгөөд гал түлж дулаацахаар хогийн саван дотор гал асаасан нь ийнхүү амь насанд нь хүрчээ. Цагдаагийнхны өгсөн мэдээллээр хүүхдүүд бүгдээрээ эрэгтэй хүүхдүүд бөгөөд 9-13 насны хөвгүүд байсан хэмээн мэдээллэв. Хэдийгээр Хятад цаг агаарын хувьд хүн хөлдөх хэмжээний хүйтэн биш ч тухайн үед бороо орон хүйтэвтэр бага байсан учир хөвгүүд ийм үйлдэл хийхэд хүрсэн аж. Энэ нь манай цаг агаартай харьцуулахад +6 градусын дулаантай байжээ.
Тэдгээр есөн хүүхдийн зургаа нь сургуулиасаа гарсан байжээ. Харин хоёр нь орон нутгийн сургуульд сурдаг байсан байна. Энэ мэдээлэл одоо хятад даяар шуугин тарьсан мэдээ болоод байгаа. Тус улсын интернэт хэрэглэгчдийн дунд нэлээд шүүмжлэл өрнөөд байгаа бөгөөд Twitter хуудсанд төр засгийг шүүмжилсэн саналууд их бичигдэж байгаа аж.
(@Datounaonao гэсэн хаягтай хэрэглэгч “Хятад улс эрчимтэй хөгжиж, эдийн засаг нь өсч байгаа шилдэг орнуудын тоонд орж байгаа ч хүүхдүүддээ анхаарал тавьж хамгаалж чадахгүй байна. Гэмт хэргийн золиосонд ихэвчлэн бага насны хүүхэд өртөж байгаа нь үүнийг нотолж буй хэрэг. Аз жаргалтай, эцэг эхийнхээ хайранд бялхаж өнгөрүүлэх ёстой хүүхэд насаа ядуу тарчиг байдлаас болж ийм харанхуй аймшигтай байдлаар өнгөрүүлж байгаад харамсаж байна” гэжээ.
Харин энэ хэрэг явдал болж өнгөрсний дараагаар амиа алдсан хоёр хүүхдийн эцэг эх нь олдсон бөгөөд нэн ядуусын харьяалалд хамаарахуйц хүмүүс байжээ.
Хятадын сүүлийн үеийн статистик мэдээллээр 150 мянга гаруй орон гэргүй хүүхдүүд гудамжинд амьдарч байна гэсэн тооцоо гаргасан байна. Харин UNICEF олон улсын байгууллагаас хятадад ойролцоогоор 1.5 сая хүүхэд гэр оронгүй тэнүүчлэн амьдарч байгаа гэсэн судалгаа хийжээ. Мөн судалгаагаар гэр бүлийн тогтворгүй байдалд 55 сая хүүхэд амьдарч байгаа бөгөөд ядуугийн зэрэглэлд 200 сая хүн амьдардаг гэсэн статистик гаргасан аж. Тэдгээр хүмүүс нэг хотоос нөгөө хотруу шилжин суурьшиж буй амжиргааны төвшин муутайд тооцогдох хүмүүс юм. Мэдээж хэрэг тэдгээр хүмүүсийн ихэнх нь хоол хүнсний хомсдолд өртсөн байдаг бөгөөд захаас ногооны хаягдал гэх зэргийн түүж гол зогоодог тухай CCTV-ийн нэвтрүүлгээр мэдээллэсэн байна. Цаг агаарын байдлаас шалтгаалан өвлийн улиралд дулааныг бараадан урд зүгийг зорих нь ихэсдэг аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ